Цалин, тэтгэвэр нэмэхгүй бол ажил хаяна гэв

МҮЭ-ийн холбооноос цалин тэтгэвэр нэмэгдүүлэхийг шаардаж УИХ, Засгийн газарт удаа дараа санал хүргүүлсэн ч ирэх оны улсын төсөвт уг асуудал тусгагдаагүй юм байна. Тиймээс энэ асуудлаар МҮЭ-ийн холбоодын удирдлагууд хэвлэлийн хурал хийлээ. Тус хуралд Авто замчдын, Барилгачдын, Эрүүл мэндийн ажилтны зэрэг 11 салбар холбоодын дарга нар оролцсон юм. Тэд хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрийг нэн даруй эхлүүлж, цалин, тэтгэвэр нэмэгдүүлэх асуудлыг ирэх оны улсын төсөвт зайлшгүй тусгахыг шаардлаа.

Ирэх оны улсын төсөвт тусгагдсан хойшлуулж болох хөрөнгө оруулалт, урсгал зардлуудыг хасах замаар 160 орчим тэрбум төгрөгийг хэмнэх боломжтой гэж тэд үзэж байна. Тухайлбал, төрийн далбааны өндөрлөг байгуулах, угтах хаалганы засвар, сонгуулийн санал тоолох машины зардал зэргээс 40 орчим тэрбум төгрөг хэмнэх боломжтой гэнэ. Түүнчлэн төрийн захиргааны барилга байгууламжийн засварын ажлыг хойшлуулснаар 20 тэрбум төгрөг хэмнэх нөхцөл бүрдэх аж. Энэ мэтээр төрийн албан хаагчдын цалин, өндөр настнуудын тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх бүрэн боломжтой гэлээ.

Хэрэв Засгийн газар тэдний шаардлагыг хүлээж авахгүй, ирэх оны улсын төсөвт цалин, тэтгэвэр нэмэгдүүлэх асуудлыг тусгахгүй бол хамтын маргааныг үргэлжлүүлж, бүх нийтийн ажил хаялт зарлах болно гэдгээ албан ёсоор мэдэгдлээ.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ