УИХ-ын 40 гишүүнд Тавантолгойн ажилчдаас илгээсэн илгээлт

“Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах тухай” тогтоолын төсөлтэй холбогдуулан Эрдэнэс Тавантолгойн ажилчид ийм илгээлт явуулжээ.

ТАЛАРХАЛ
Улсын Их Хурлын эрхэм гишүүдэд
Та бүхний энэ өдрийн түмэн амгаланг эрье.
Монгол Улсын иргэн бүрийн 1072 хувьцаа эзэмшдэг “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн цаашдын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх, хөрөнгө оруулалтыг үр ашигтайгаар зохион байгуулах нөхцөл бололцоог олгож “Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах тухай” тогтоолын төслийг дэмжиж гарын үсэг зурсан УИХ-ын 40 гишүүндээ нийт уурхайчдынхаа зүгээс баярласан сэтгэлээ илэрхийлж байна.
Уг тогтоолын төслийг дэмжиж гарын үсгээ зурж амжаагүй үлдсэн УИХ-н гишүүд минь эцсийн шийдвэрийг гаргахад нэгдмэл байр суурьтай байна гэдэгт бид итгэж байна.
Жирийн уурхайчид бид Өмнийн цэнхэр говьд “Эрдэнэс Таван Толгой” гэх их бүтээн байгуулалтанд гар бие оролцож, Монгол улсынхаа эдийн засгийн болон ирээдүйн хөгжлийнтөлөө үнэтэй хувь нэмрээ оруулахыг хүсдэг билээ. Энэ хүсэл минь биелэх цаг ирж байна гэж бид сэтгэл дүүрэн, баяртайгаар хүлээж байна. Уурхайчид бид энэ төслийг дэлхийн хэмжээнд хүргэхийн төлөө бие сэтгэл, мэргэжил, ур чадвараа дайчлан ажиллах болно.
Ингээд Монгол Улсынхаа язгуур эрх ашгийг нэгдүгээрт тавьж, Эх орон, ард түмнийхээ ирээдүйн төлөө, Монгол Улсыг хөгжлийн замд хөтлөх үнэлж барашгүй шийдвэр гаргасан та бүхэнд баярласан сэтгэлээ илэрхийлж энэхүү талархалыг хүргүүлж байна.
Хүндэтгэсэн:
Өмнөговь аймаг, Цогт-Цэций сум
“Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн нийт уурхайчид
2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ