МАН-ын бүлэг чуулганы хуралдааныг үргэлжлүүлэхээр болов

УИХ дахь МАН-ын бүлэг төсвийн хоёр дахь хэлэлцүүлгийн явцад завсарлага авсан. Тэгвэл тэд чуулганы нэгдсэн хуралдааныг үргэлжлүүлэхээр болсоноо мэдэгдлээ. Тус бүлгийн дарга С.Бямбацогт, дэд дарга Д.Хаянхярваа, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар нар завсарлага авсан шалтгааныхаа талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм.

Мэдээллийн эхэнд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт "МАН-ын бүлэг хуралдаад чуулганы нэгдсэн хуралдааныг үргэлжлүүлэхээр боллоо. Бид Төсвийн асуудлаар санал бодлоо хэлэх шаардлагаа УИХ-ын даргад тавина. Улс орны төсөв батлана гэдэг нь УИХ-ын бүрэн эрх байдаг. Энэ эрхийг хэрэгжүүлэхдээ бид хариуцлагатай хандах ёстой. Орлого зарлагын асуудлыг нарийн тооцож, ярилцах шаардлагатай. Гэтэл УИХ өчигдрөөс эхлээд гишүүдийн ирц хангалтгүй байгаагаас гадна зарим гишүүний өмнөөс санал өгөх явдал гарч байна. Тиймээс завсарлага авах горимын санал гаргасан. УИХ-ын даргын өгсөн нэг цагийн завсарлагын хугацаанд МАН-ын бүлэг хуралдаж төсвийн хоёр дахь хэлэлцүүлэгт оролцъё, гэхдээ зарчмын шаардлагаа тавьж оролцоно гэж тогтсон" гэлээ. Түүнчлэн МАН-ын бүлгээс гаргаж буй хамгийн боломжтой хэд хэдэн санал, шаардлагуудыг хүлээж авахгүй байгаа учраас тэд бухимдалтай байгаа гэдгээ илэрхийлэв.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ