Хятадад хуурамч давс зарж байна

Өвөрмонголын Улаанхад хотод хуурамч давс худалдаанд гарсныг шалгалтаар тогтоожээ. Энэ давс нь ихэвчлэн хөдөө тосгоны захуудаар болон жижиг дэлгүүрүүдээр худалдаалагдаж байгаа юм байна. Шинжилгээгээр уг давс элс шиг бөгөөд хоолонд хийхэд бутарч хайлахгүй, йодын агууламж хэт ихтэй нь тогтоогдсон гэнэ. Мөн төмсөн дээр туршиж үзэхэд шууд цэнхэр өнгөтэй болж байжээ.
Энэхүү хуурамч давсыг үйлдвэрлэгчид өөрийн гэсэн борлуулагчтай учраас Хятад улс даяар хурдацтайгаар тараагдаж байгаа аж. Тиймээс давс авахдаа сав баглаа, он сарыг нь сайтар шалгахаас гадна баталгаатай дэлгүүр, супермаркетуудаас давс худалдан авахыг санууллаа.
Хувь хүн болон дамын наймаачдаас давс авахгүй байхыг тус улсад ажиллаж, амьдарч, сурч байгаа хүмүүст онцгойлон сэрэмжлүүлж байна.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ