Египтийн пирамидуудын температур эрдэмтдийг гайхширууллаа

Египтийн алдарт фараоны хөшөөний нууцыг илрүүлэх зорилгын хүрээнд хэрэгжүүлж буй пирамидын дулааныг судлах төслийн баг нэгэн сонирхолтой баримтыг олсон байна. Пирамидуудын гадаргын дулааныг хэмжихэд температурын хэмжээ нь харилцан адилгүй байсан нь эрдэмтдийг гайхшируулжээ.

Пирамидуудыг судлах ажил өнгөрсөн 10 дугаар сарын 25-ны өдөр эхэлсэн бөгөөд Хуфугийн, хамгийн өндөр болон Гизагийн их пирамид зэргийн дөрвөн пирамидын нууц тасалгаануудыг нэгжиж эхэлсэн байна. Египт, Франц, Канад, Японы уран барилгач, эрдэмтэд хоёр долоо хоногийн турш судалгаа хийсний эцэст хамтарсан мэдэгдэл хийж, “Хуфугийн пирамидыг оролцуулаад эдгээр бүх хөшөө дурсгалын дулаанд хачирхалтай шинж тэмдэг илэрсэн” хэмээн хэлжээ. Шинжилгээний баг пирамидуудыг ижил температураар халааж, хөргөх замаар судалгааг хийсэн байна.

Пирамидыг судлах төслийн ахлагч Хани Хелал, "Энэ пирамидын гадаргын температурыг үзэхэд дулааны хэмжээ нь харилцан адилгүй байсан” хэмээгээд байгаа бол Египтийн эртний эд өлгийн сайд Мамду Дамати, “Энэ газар өөр өөр температуртай байгаа нь сонирхол татаж байна. Үүний учир нь юу юм бол?” хэмээн гайхангуй хэлжээ.

Судлаачид пирамидуудын доторх гадарга болон агаарын дотоод урсгалын дулаан өөр өөр байгааг янз бүрээр тайлбарлаж байна. Шинжилгээний явцад, ялангуяа Хуфугийн пирамидын зүүн талд дулаан нь илт ялгаатай байжээ. Зарим шохойн чулуун блокнууд нь бусдаасаа илүү халуун байсан байна. Энэхүү төслийг 2016 оны сүүл хүртэл үргэлжлүүлэх бөгөөд төслийн судалгааны дараагийн үе шатуудад илүү нарийвчилсан судалгааг хийх тухайгаа албаныхан мэдэгдлээ. Энэ төслийн хүрээнд Каир хотоос өмнө тийш орших Дахшур дахь хоёр пирамид болон Гизагийн Хафри пирамидын дулааныг судлахаар болсон байна.

Э.Лхагваа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ