Хилларитай өрсөлдөгч мэс засалч уу, тэрбумтан уу?
2016 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд Найрамдах намаас нэр дэвшигчдийн ээлжит мэтгэлцээн Висконсин мужийн Милоуки хотноо болж өнгөрлөө. Энэ удаагийн телевизийн мэтгэлцээн нь Бүгд найрамдахчуудын явуулах зургаан цуврал арга хэмжээний дөрөв дэх нь юм. Мэтгэлцээнийг “Fox News” телевиз зохион байгуулан шууд дамжууллаа. Тус телевизээс олон нийтийн дунд явуулсан санал асуулгын дүнд үндэслэж, Бүгд Найрамдах намын нэр дэвшигчдийг рейтингээр нь хоёр ангилж оролцуулсан төдийгүй хоёр үе шаттайгаар явагдав. Нэр дэвшигчдээс Кэрли Флорина, Рэнд Пол, Жон Кейсик, Тед Круз, Марко Рубио нар өндөр үнэлгээ авч, рейтингээ өсгөж чаджээ.
Тэрбумтан Дональд Трамп
Өнгөрсөн сард гарсан судалгааны хариу америкчуудыг төдийгүй дэлхий дахиныг гайхашруулсан. Учир нь Бүгд Найрамдах намын нэр дэвшигчдийн сунгааны хугацааны талаас нь шахуу орж ирсэн тэрбумтан Дональд Трампын дэмжигчид огцом нэмэгдсэн дүн гарчээ. Нэмэгдээд зогсохгүй тэрээр Бүгд Найрамдах намын нэр дэвшигчдийг рейтингээрээ тэргүүлж эхэлсэн байдаг. Ингэснээр магадгүй Ардчилсан намаас гарч ирэх өндөр магадлалтайд тооцогдож байгаа Хиллари Клинтонтой тэрбумтан Дональд Трамп өрсөлдөж болзошгүй гэсэн таамаглал хүчээ авсан. Түүнийг улс төрийн салбарт төдийлөн туршлагагүй хэрнээ ерөнхийлөгч болсон Рональд Рейганы амжилтыг давтаж магадгүй хэмээн бичиж байна. Ер нь Бүгд найрамдах намаас ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр туршлагатай нэр хүндтэй улстөрч гарч ирэх магадлал тун ховорт тооцогдож байна.
Мэдрэлийн мэс засалч Бен Карсон
Яагаад гэвэл нам доторх сунгаанд нэрээ дэвшүүлэгчдийг эхнээс нь л эмч хүн тэргүүлж эхэлсэн. Нэр дэвшигчдийн рейтингийг эхнээс нь Жон Хопкинсийн эмнэлгийн мэдрэлийн мэс засалч, профессор Бен Карсон тэргүүлж явсан. Тэрээр Дональд Трамптай урд хойноо орон судалгааны дүнг тэргүүлсээр. Бен Карсон нь одоогийн ерөнхийлөгч Барак Обамагийн засаг захиргааг хүчтэй шүүмжлэгч юм.
Уржигдар болж өнгөрсөн дөрөв дэх мэтгэлцээний үр дүнд бүгд найрамдахчуудын байдал төдийлөн өөрчлөгдөөгүй ч тэрбумтаны яриа дэмжигчдийнхээ таалалд төдийлөн нийцээгүй гэдэг судалгаа гарчээ. Дональд Трамп гадаад бодлоготой холбоотой хэсэгт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинг хүлээн зөвшөөрөхөөр барахгүй, түүнийг гайхамшигтай зөв замаар явж байгаа хэмээн магтжээ. Сири, Иракийн нутаг дэвсгэрт аймшигтай хүчирхийлэл явуулж байгаа “Исламын улс” бүлэглэлийг Путины аргаар л дарах хэрэгтэй хэмээн тэрээр ярьсан байна. Мөн өмнөх мэтгэлцээнд түүнд өндөр оноо авчирсан цагаачдын асуудлаар хэт туйлширсан гэмээр үг хэллэг хэрэглэж байснаас багагүй алдсан тухай ажиглагчид дүгнэж байна. Мөн хуучинсаг үзэлтэй, оросуудад тааламжгүй ханддаг хэсгийнхний дургүйцлийг өдөөсөн гэнэ.
Жебб Буш
Бүгд найрамдахчуудын чансааг тэргүүлж байгаа мэс засалч, бизнесмэн хоёр гадаад бодлого болон цагаачдын асуудал дээр хасах оноо авчихаад байгааг яах аргагүй туршлагатай улстөрч, дипломатчийн мэдрэмж дутагдаж байгаагаас хэмээн хэвлэлүүд тайлбарлажээ. Харин энэ хэсэгт ерөнхийлөгч Жорж Бушийн хүү Жебб Буш өндөр оноо авсан байна. Тэрээр өнөөдрийн Цагаан ордны явуулж байгаа гадаад бодлогыг хүчтэй шүүмжлэхийн сацуу улс орныхоо нэр хүндийг олон улсын тавцанд бадрангуй өндөр хэмжээнд байлгах дуртай америкчуудын таашаалыг төрүүлж чаджээ.
Бусад нэр дэвшигчид болох Кэрли Флорина,сенатын гишүүд болох Тед Круз, Рэнд Пол болон Марко Рубио, Нью-Жерси муж улсын захирагч Крис Кристи, Охайо муж улсын захирагч Жон Кейсик нар энэ удаагийн мэтгэлцээнд амжилттай оролцсон байна. Гэсэн ч судалгаагаар мэс засалч болон тэрбумтаны рейтинг руу дөхөж очиж чадахгүй хэмээжээ. Харин гэр бүлээс нь Америкийн хоёр ч ерөнхийлөгч тодорсон Жебб Буш энэ удаагийн мэтгэлцээнд тун давгүй оролцсоноор магадгүй дээрх хоёр хошуучлагчдад хамгийн ихээр ойртож очих аж.
Ардчилсан намын хувьд байдал бараг тодорхой болсон гэхэд хилсдэхгүй. Жо Байден гэр бүлийн асуудлаар нэрээ татсанаар Ардчилсан нам дотор өрсөлдөөн бараг байхгүй болсон юм. Учир нь экс тэргүүн хатагтай Хиллари Клинтоны нэр хүнд, рейтинг судалгаагаар бусад өрсөлдөгчдөө хол хаяад байгаа. Тиймээс ажиглагчид болон жирийн иргэдийн анхаарал Бүгд найрамдахчууд дээр төвлөрөөд байгаа юм. Жорж Бушийн удмынхан дахин ерөнхийлөгчийн сонгуульд хүч үзэх үү, эсхүл шоу бизнесийн од тэрбумтан уу, мэс засалч уу гэх мэтээр энэ удаагийн сунгааны өрсөлдөөн тун сонирхолтой болж байна хэмээн ажиглагчид дүгнэж байгаа юм.
Сонгогчдын хамгийн ихээр сонирхон үздэг сонгуулийн сурталчилгаа бол яах аргагүй телевизийн халз мэтгэлцээн. Сонгуулийн кампанийн төгсгөлд нэр дэвшигчид гурван удаа халз мэтгэлцдэг бөгөөд үүнийг Ардчилсан болон Бүгд Найрамдах Намын хамтран байгуулсан Ерөнхийлөгчийн мэтгэлцээний комисс зохион байгуулдаг. Түүнчлэн нам доторх сунгааны үеэр нэр дэвшигчид мэтгэлцэх нь бий.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ