Хар баасан гараг

Аливаа улс үндэстэн бүхэнд тооны бэлгэдэл гэж байдаг. Тухайлбал, манайхан монголын ёс гурав, хүн бүрийн ээлтэй тоо, дордохын долоо гэх мэтээр тоог амьдрал ахуйтайгаа холбох нь элбэг.
Харин Европчууд буюу ялангуяа христийн шашинтнуудын хувьд 13-ын тоог жигшдэг. Тэр ч утгаараа зарим улсын зочид буудал, байранд нь 13 тоот хаалга огт байдаггүй, нисэх онгоцонд ч 13 гэсэн дугаартай суудал байхгүй байх жишээтэй. Хэрэв гарагийн тооллоор 13-ны өдөр баасан гарагт тохиовол энэ өдрийг хар баасан гараг гэж нэрлэн, тэд тухайн өдөр гэрээсээ гарахгүй, утсаа авахгүй, наймаа эрхлэх, гэрээ хэлэлцээр хийх зэргийг тэвчиж, ер юу ч хийхгүй байхыг хичээдэг байна. Учир нь энэ өдөр хамгийн азгүй, муу зүйл тохиолддог хэмээн үздэг аж.
Энэ жилийн хувьд хар баасан гараг өнгөрсөн зургаадугаар сарын хоёр дахь долоо хоногт тохиожээ. Гэвч бид тэр өдөр юу болсныг огт анзаараагүй. Одон орон судлаачдын үзэж буйгаар баасан гараг, 13-ын тооны давхцал жилд нэг л удаа таардаг гэсэн ч зарим тохиолдолд 2-3 удаа давхцах нь бий. Энэ өдөр хэн нэгэн зайлшгүй хийх ажил гарвал гурван удаа мод тогшиж, зүүн мөрөн дээгүүрээ нулимна.
Ер нь 13-ын тоотой холбоотой олон онол байдгаас хамгийн их дэлгэрсэн нь Есүс Христийн сүүлчийн шөнө буюу түүнтэй холбоотой домог бөгөөд энэ 13 хүнээс заавал нэг нь золиослогдох болсон явдал билээ. Үүнтэй холбоотойгоор Францад “14 дэх зочин” хэмээх үйлчилгээ байдаг гэнэ. Хэсэг нөхөд нэг оройг өнгөрөөхөөр цуглахад тэд 13-уулаа болчихвол тус байгууллага руу холбогдож өөрсдийн хэрэгцээ, сонирхолд зохицох 14 дэх зочныг урьдаг байна.
Скандинавын орнуудад ч 13-тай холбоотой домог яриа их бий. Вальхаллд болсон их найранд 12 бурхан заларсан ба Локи бурхан ирснээр 13 болж, эдний хооронд ихээхэн хэрүүл дэгдэж, үүний дунд бүхний хайртай Бальдра бурхан амь үрэгдсэн гэдэг. Мөн Микенийн хаан Агамемионыг түүний хорон санаат эхнэр нь 13-нд хороосон домог бий.
Тэгвэл орчин үеийн сонин хачнаас сонирхуулахад, дэлхийн 10 хүн тутмын нэг нь энэ өдрөөс айдаг гэсэн тоо баримт байна. Мөн Голландын статистик баримтаас үзэхэд энэ өдөр осол хамгийн бага гардаг гэжээ. Учир нь 13-ны баасан гарагт хүмүүс маш болгоомжтой байх юм уу, эсвэл зүгээр л гэрээсээ гардаггүй байна. Сүүлийн хоёр жилд гэхэд л голландын даатгалын компаниуд баасан гарагт дунджаар 7,800 ослын дуудлага авдаг байсан бол 13-ны Баасан гарагт дунджаар 7,500 байж.
Англид найрын ширээний 13 дахь сандал дээр хар хамба хилэнгээр хийсэн хулгана эхлээд тавьдаг бөгөөд бүх зочдыг суусны дараа авч хаядаг заншилтай. Бас нэгэн болсон явдлыг сонирхуулъя. АНУ-ын Массачусетс мужийн нэг иргэн эхнэртэйгээ 12 жил ханилсныхаа дараа салж, харин 13 дахь жил өнгөрсний хойно дахин ханилсан гэнэ. Хэтэрхий шүтлэгтэй энэ эр сар бүрийн 13-нд гэрээсээ цухуйдаггүй төдийгүй, захиалсан сонин сэтгүүлийнхээ 13 дугаар хуудсыг уншдаггүй аж.
“13”-ын тооноос гадна долоо хоногийн баасан гарагийг тойрсон элдэв яриа бас бий. Үүний үүсэл домог их эртнээс үүдэлтэй. Есүс Христийг баасан гарагт цовдолсон бөгөөд Адам, Ева хоёр “хэрүүлийн алимаа“ баасан гарагт хүртсэн гэлцдэг билээ. Мөн Наполеон баасан гарагт байлддаггүй байсан бол Канцлер Бисмарк баасан гарагт ямар нэг гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурдаггүй байжээ.
Ер нь баасан гараг, 13-ын тоо давхацсан тохиолдолд илүү их гай гамшиг тохиолддогийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тайлбарласан жишээ цөөнгүй бий. 1993 онд гарсан “Их Британийн эмнэлгийн сэтгүүл”-д баасан гараг 13-нд давхацсан өдөр өвчлөгсдийн тоо 25 хувиар өссөн хэмээн тэмдэглэгдсэн байх жишээтэй.
Өнөөдөр 13-ны баасан гараг. Та ямар нэгэн байдлаар дэлхий дахины мэдээ мэдээллийг сонордоод үзээрэй. Хаа нэгтээ сонирхолтой зүйл тохиох вий.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ