“Үдийн цай” хөтөлбөрт шалгалт хийжээ

НМХГ-аас ЕБС-ийн 60 сургуульд “Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилтийг шалгажээ. “Үдийн хоол” болгох албан ёсны шийдвэр гараагүй байхад шалгалтанд хамрагдсан сургуулиуд дээр “Үдийн хоол” хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн байна. Шалгалтанд хамрагдсан сургуулиудын 4 нь Үдийн цай хөтөлбөрийн хүрээнд “Бамбууш”, “Талх чихэр”, “Хаан сүү”, “Өгөөж” зэрэг үйлдвэрүүдээс гурилан бүтээгдэхүүн, сүү, тараг зэргийг авч үдийн цайнд нийлүүлж байна.
Эдгээр сургуулиуд НӨХГ, Сургуулийн захиргаатай хамтран ажиллах гурван талт гэрээ байгуулан ажиллаж байгаа боловч уг гэрээнд сурагчдын үдийн цайнд олгож буй хоол хүнсний чанар, аюулгүй байдал, цайны газар, гал тогооны стандарт, ариун цэврийг хангуулах талаар тусгаагүй байжээ. Сургуулиудын цайны газруудын 45 хувь нь зориулалтын бус стандартын шаардлага хангахгүй ажлын байртай, хүнсний түүхий эд бүтээгдэхүүнийг хадгалах төрөлжсөн агуулахгүй, ажилчдын хувцас солих өрөөгүй ажлын байрны талбайн хэмжээ хүрэлцээгүй, сурагчдын “Үдийн цай”-ны чанар аюулгүй байдалд өдөр тутамд хяналт тавьж чадахгүй байна.
Зориулалтын бус байранд хоол үйлдвэрлэлийн технологи зөрчигдөж байгаагаас хоол хүнс бохирдох нөхцлийг бүрдүүлж байна. Тухайлбал: 5, 35, 16, 17, 50,72, 74, 21, 55, 79, 87, 102, 111, 120, 122 зэрэг сургуулиудыг дурьдаж болно.
Мөн шалгалтанд хамрагдсан аж ахуйн нэгжүүдийг шалгахад нийт хамрагдсан газруудын 63 хувь нь бэлэн болсон хоол, түүхий эд бүтээгдэхүүний хадгалалтыг зохих хэмд хадгалдаггүй зөрчил илэрчээ. Тогооч нар мэргэжлийн үнэмлэхтэй боловч бага насны хүүхдийн бие физиологийн онцлогт тохирсон хоол хүнсний жор технологийг судлаагүй, хоол хүнс бэлтгэхэд тавигдах эрүүл ахуйн болон үйлдвэрлэлийн зохистой дадлын талаарх наад захын мэдлэг хангалтгүй дутагдлууд нийтлэг байжээ. Үүнээс шалтгаалан хоолны хордлого, хордлогот халдвар гарах хүүхдүүдийн эрүүл мэндэд эрсдэл үүсэх бас нэгэн нөхцлийг бүрдүүлж байна.
Эрүүл мэндийн сайдын 2014 оны дөрөвдүгээр сарын 08-ны өдрийн “Монгол хүүхдийн хоол тэжээлийн бодисуудын зөвлөмж хэмжээг батлах тухай” 113 дугаар тушаалаар 7-14 настай хүүхдийн хоногийн хоолны илчлэг 2000-2100ккал, үүнийхээ 10-15 хувийг үдийн цайгаар, 30-35 хувийг үдийн хоолоор авахаар тус тус тооцсон. Гэтэл шалгалтын явцад авсан нийт 26 сорьц авч илчлэг тодорхойлоход 8 сорьц буюу 37,6% нь /илчлэг 18-135 ккалориар бага/, бүтээгдэхүүнээс 15 дээж авч шинжлүүлэхэд 5 дээжинд илчлэг нормдоо хүрэхгүй гарсан байна. Тухайлбал: 39, 72, 76, 83, Ирээдүй цогцолборын 2 дугаар бага сургуулиудыг нэрлэж болохоор байна.
Шалгалтаар сургуулиудын цайны газраас 340 эрүүл зүйн арчдасын шинжилгээ авахад 188 буюу 53% нь эерэг, ундны уснаас 25 дээж авч нян судлалын үзүүлэлт үзүүлэхэд 2 буюу 8% нь нянгийн бохирдолттой гарчээ.
Шалгалтаар цайны газрын ажилчид ЭМС-ын 2013 оны 212 тоот тушаалын дагуу эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдахдаа тухайн дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлд нян судлалын лабораторид нян тээгч илрүүлэх, хамар залгиурын арчдас, цагаан хорхой илрүүлэх, цээж гэрэлд харуулах шинжилгээг хийлгэж баталгаажуулсан байх ёстой. Гэтэл зарим хувийн хэвшлийн лабораториуд тусгай зөвшөөрлийн чиглэлд заагдаагүй урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээг хуурамчаар хийж баталгаажуулсан, мөн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээ хийлгүйгээр тэмдэг дарж баталгаажуулсан зэрэг зөрчил илэрлээ.
Тухайлбал, “Асралт Батном”, “Эс Эс Эл Жи”, “Авецина ХХК”, “Микроб ББН” гэх мэт хувийн лаборатори
бага ангийн сурагчид хоол идэх аягаа өөрсдөө уутанд хийж авч явдаг нь ариун цэвэр эрүүл ахуйн шаардлага зөрчигдөх нөхцлийг бий болгодог нь шалгалтын явцад тогтоогдож байна. Зарим нэг сургуулиуд дээр хагарахгүйг нь бодож меламинтай хуванцар аяга таваг хэрэглэж байгаа зөрчил илэрсэн /20 дугаар сургууль/.
Мөн эрүүл мэндийн сайдын 2013 оны 207 дугаар тушаалаар хориглосон чихэр, шоколад, хийжүүлсэн ундаа, жүүс, шарсан төмс, бургер, зэрэг хүнсний бүтээгдэхүүн буфетээр дамжуулж борлуулдаг, мөн их тосонд шарж хайрсан боов боорцог олгодог зөрчил 13,40 дүгээр сургууль дээр илэрсэн байна. 74, 81-р сургуулиуд “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай” хуулийн 6.5.3 дах заалтыг зөрчин улсын байцаагчийн дүгнэлтгүй үйл ажиллагаа эрхэлж байна.
Илэрсэн зөрчилтэй холбогдуулан 2 албан тушаалтанд 576.0 мянган төгрөгийн, 6 аж ахуйн нэгжид 5064.0 мянган төгрөгийн, нийт 5640.0 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ