Исламын улс бүлэглэл Францд долоон цуврал халдлага үйлдлээ
Өнгөрсөн шөнө “Исламын улс” бүлэглэл Францын нийслэл Парис хотод аймшигтай халдлага үйлдээд байна. Халдлагын улмаас дор хаяж 153 хүн амь насаа алдаад байна. 180 гаруй хүмүүс хүнд, хөнгөн шархдаад байгаа бөгөөд амиа алдагсдын тоо цаашид ч нэмэгдэх хандлагатай байна. Нийслэл хотод тэсрэх бөмбөг, буугаар зэвсэглэсэн этгээдүүд долоон цуврал халдлага үйлдсэн байна. Халдлагыг урьдаас маш нарийн төлөвлөгөөтэйгөөр бэлдсэн аж. Алан хядагчид эхлээд Батакланы театрын концертын танхимд дайран орж тоглолт үзэж байсан иргэдийг барьцаалсан бөгөөд үзэгчдийг ямар ч авралгүйгээр буудан хороож байсан байна. Улмаар тусгай хүчнийхэн театрыг бүслэж тохиролцоо хийхийг оролдсон ч алан хядагчид иргэдийг шууд хөнөөж байсан тул хүчээр чөлөөлөхөөс аргагүйд хүрсэн гэнэ.
“Eagles of Death” нэртэй Америкийн хамтлаг тэр үеэр тоглолт хийж байсан бөгөөд хамтлагийн гишүүд амьд гарсан эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Алан хядагчид аллах акбар хэмээн хашгирч хүмүүсийг газар хэвтүүлэн толгой дараалан буудаж байсан ба зугтаж гарч амжсан үзэгчдийн хэлснээр арав гаруй террорист байсан гэнэ. Тусгай хүчнийхэн хагас цаг буудалцаж, бөмбөг дэлбэлж байж алан хядагчдыг бүгдийг устган концертын танхимд амьд үлдсэн зуу гаруй иргэдийг чөлөөлсөн гэнэ.
Энэ үеэр Парисын төвийн Cambodge гэх ресторанд алан хядагчид довтолж автомат буугаар таарсан бүгдийг шүршиж байгаа дуудлага цагдаагийнханд ирсэн байна. Цагдаа нар яаралтай арга хэмжээ авч алан хядагчийг устгасан байна. Энд 14 хүн амь насаа алдсан хэмээн мэдээлээд байна.Мөн Парисын 11-р дүүргийн La Belle Equipe нэртэй бааранд алан хядагчид халдлага үйлдэж 19 хүнийг хороожээ.
Парисын дагуул хотод орших “Стад де Франс” цэнгэлдэхэд энэ үед Франц, Германы хөлбөмбөгийн шигшээ баг тоглож байсан бөгөөд тун чухал тоглолт тул тус улсын Ерөнхийлөгч Франсуа Олланд тэргүүтэй төрийн албан тушаалтнууд үзэж сонирхож байсан байна. Энэ үеэр үзэгчдийн суудал дунд байрлуулсан тэсрэх бөмбөгүүд дэлбэрч улмаар буутай этгээдүүд хаанаас ч юм гарч ирж харагдсан бүхнээ буудаж эхэлжээ. Ерөнхийлөгчийн хамгаалалтын албаныхан болон цагдаа нар алан хядагчидтай буудалцаж тэднийг илүү олон хүний амь насанд хүрэхээс нь өмнө устгасан байна.
Ийнхүү нэг шөнийн дотор аймшигтай халдлагууд Парист дараалан гарч европчуудыг айдас хүйдэст автуулаад байна. Парисын бараг бүх дүүрэгт тасралтгүй буун дуу гарсан бөгөөд дэлхийн хоёрдугаар дайнаас хойш ийм аймшигтай шөнө үзсэнгүй хэмээн Францын иргэд ярьж байна. Болсон явдалтай холбогдуулан АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама эмгэнэл илэрхийлсэн мэдэгдэл гаргасан байна. Бусад улс орнууд ч эмгэнэл илэрхийлж, Францад туслаж дэмжихээ амлаж байна. Франц улс бүх орон даяар онцгой байдал зарлаж газрын болон агаарын хилээ хаасан тул тус улсыг зорьж буй олон улсын авиа компаниуд нислэгээ хойшлуулаад байна. Ийнхүү Исламын улс бүлэглэл аймшигт халдлага үйлдэж хүн төрөлхтөнийг цочирдуулаад байна.




СЭТГЭГДЭЛ БИЧИХ