С.Зориг агсны эхнэр Д.Булганыг ямар шалтгаанаар хорив

С.Зориг агсны эхнэр Д.Булганыг өнгөрсөн шөнө гэрээс нь баривчилж хорьжээ. Түүнийг ямар шалтгааны улмаас хорьсон нь одоогоор тодорхойгүй байгаа юм.
Хатагтай Д.Булган бол ардчиллын загалмайлсан эцэг гэгддэг С.Зориг агсны эхнэр бөгөөд тэрээр элит гэр бvлээс гаралтай нэгэн гэдгийг хүн бүр мэднэ.
Тэрээр "Засгийн газрын мэдээ" сонинд эмч, дараа нь хэвлэх үйлдвэрийн дарга, сүүлд нь олон нийтийн зохион байгуулагчаар ажиллаж байсан. Энэ үед С.Зоригтой гэр бүл болсон аж. Гэтэл 1998 оны 10-р дугаар сарын 02-нд бэлбэсэрч үлдсэн билээ. Нөхрөө алдсанаас хойш цагдаагийн хамгаалалтад байж, улмаар сэжигтэн, гэрчээр хэсэг хугацаанд олон нийтийн хараанаас гадна байв. Тэрээр жил бүрийн 10 дугаар сарын 2-ны өдрөөр нөхрийнхөө хөшөөнд хүндэтгэл үзүүлэх үеэр л олны өмнө харагддаг болов.
Түүний хувьд нэг хэсэг дуучин Д.Оюунтүлхүүрийн үүсгэн байгуулсан "Оюунтүлхүүр" сангаас олон нийтийн мэдээллийг хөгжүүлэх шугамаар Герман улсын төслөөр гаргаж байсан "Инфо" хэмээх долоо хоног тутмын сонинд зөвлөхөөр ажиллаж байв. Улмаар төслийн хугацаа дуусч "Инфо" сонины үйл ажиллагаа ч хумигдсан. Түүнээс хойш тэрээр Тэрэлжид жуулчны бааз ажиллуулж байсан байна. С.Зоригийн аллагатай холбоотой хэрэг хаагдаагүй учир түүний гадаадад зорчих эрх нь хязгаарлагдмал байгаа гэдэг.
Гэтэл түүнийг гэнэт саатуулагдсан талаарх иргэдийн болон УИХ-ын гишүүдийн санаа бодол, таамгууд цахим ертөнцөд хөвөрсөөр байна. Гагцхүү учир шалтгаан нь тодорхойгүй байгаа энэ үед бид элдэв таамгийг дэвшүүлэхийг урьтал болгосонгүй. Харин энэ талаар цаг тухайд нь мэдээлэх болно.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ