Зарим нийтийн тээвэр шинэ аргаар ашиг хөөж эхлэв үү

Нийтийн тээвэрт асуудал үргэлжилсээр. Хэдхэн сарын өмнөөс элхэн нийтийн тээврийн үйлчилгээнд цахим карт нэвтэрч иргэд таатай хүлээж авсан. Тэгвэл саяхнаас дамжин суултын хөнгөлөлтийг хэрэгжүүлж эхэлсэн. Гэтэл автобус баазынхны санаатай ч гэх үү, санамсаргүй ч гэх үү үйлдэл гарах боллоо. Юу гэвэл, зорчигчид урд хаалгаар ороод картаа уншуулаад буухдаа хойд хаалганы дэргэд мөн дахин картаа уншуулдаг. Ингэснээр дараагийн автобусанд суухдаа хөнгөлөлт эдлэх боломжийг нийслэлээс гаргаж өгсөн. Гэтэл буухдаа уншуулдаг карт уншигч нь унтраастай, эсвэл шалгаж байна гэсэн бичиг гараад ажиллахгүй байх тохиолдол гарч байгааг зорчигчид хэлж байна. Тухайлбал, Мах импекс-Улаанхуаран, Дэнжийн мянга-Улиастай чиглэлийн автобусанд ийм тохиолдлууд гарчээ. Гэвч зорчигчид тэр бүр жолоочид нь хэлэлгүй буудаг байна. Учир нь буухын хооронд асуудал үүсгэж цаг алдаад яахав хэмээн өнгөрдөг аж. Хувийн хэвшлийн автобус компаниуд алдагдалтай байна гээд ажил хаялт зарласан. Гэвч энэ асуудлыг нийслэлээс зохицуулж өгсөн. Гэтэл шинэлэг аргаар ашиг олох гэсэн оролдлого нь дээрх үйлдэл боллоо хэмээн иргэд шүүмжлэлтэй хандаж байна.
Эдийн засгийн хямралд сөхөрч ядаж яваа ард түмэн нь энэ мэтээр наад захын хөнгөлөлтөө эдэлж чадахгүй байгаа нь тэдэнд бас нэг дарамт болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, нийслэлээс энэхүү боломжийг олгосноор автобус дамждаг хүнд хэчнээн хэмнэлт бий болгож чадааж байгаа билээ. Өдөрт нэг талдаа 2 дамждаг хүн ирж, очихын 2000 төгрөгөөр явдаг байсан бол зардал нь 50 хувь хэмнэгдэж 1000 төгрөгөөр зорчих боломжтой болж байгаа. Харамсалтай нь хөнгөлөлтөө эдэлж чадахгүйгээс хохирох болоод байна. Ийм байдалд орсон нэгэн зорчигч жолоочид нь карт уншигч ажиллахгүй байна гэж хэлэхэд тэрээр аппаратаа унтрааж асааж үзжээ. Гэвч бас л ажиллаагүй аж. Энд ямар нэгэн хариуцлагын тогтолцоо гэж бий болов уу. Техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж ажиллах үүрэг жолоочид бий гэж ойлгож байна.
Иргэдийн зүгээс бас нэгэн шүүмжлэл ирсэн. Автобусны жолооч цөөн зорчигчтой бол явдаггүй, өөр автобусанд шилжүүлэн суулгадаг. Энэ бол угаас нийтийн тээвэрт байнга шахам гардаг асуудал. Нийтийн тээврийг цахимжуулахдаа мөн GPS суулгасан гэдэг. Тэгвэл ямар жолоочид нь эвдрэл гэмтэлгүй атлаа рейсээ цуцлах, буцах, бүх зорчигчдоо бусдад шилжүүлэн суулгах бүрэн эрх ногддог вэ? Угтаа тэд нэг хүнтэй байсан ч явах ёстой гэсэн тэдний үүргийг энгийн зорчигч хүртэл мэднэ. Харамсалтай нь үүргийг нь сануулсан нэгэнд өш санаж, элдвээр доромж дорд үг чулуудах нь энүүхэнд. Тэр бүү хэл заналхийлнэ. Ер нь нийтийн тээвэр кондукторгүй болж, гар дээрээ бэлэн мөнгө барихаа больж, орж ирсэн мөнгө нь цоожтой хайрцагт битүүмжлэгдэх болсноос хойш зарим хувийн хэвшлийн автобусны ажилчдын харьцаа эрс муудсан талаар олон хүн хэлэх болсон. Тиймээс мөн энэ тал дээр ямар нэгэн зохицуулалт хийхгүй бол бухимдалт нийгэмд бухимдал нэмсээр байна.
Бид хэзээ соёлжино доо.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ