Мах, сүү боловсруулах үйлдвэр нээгдлээ

Монгол Улс, БНСУ-ын Хөдөө аж ахуйн яам хооронд 2010 онд “Монгол Улсад амьтны гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн технологи, эрүүл ахуйн хяналтын системийг сайжруулах төслийг” хэрэгжүүлсэн.
Үүний үр дүнд Технологийн дээд сургууль дээр өнөөдөр буюу 11 дүгээр сарын 13-ны өдөр мах болон сүү сүүн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр ашиглалтад орлоо. Нээлтийн үйл ажиллагаанд БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд У Сун, БНСУ-ын KRC байгууллагын менежер Пак Хён Жун, ХХААЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярмаа нар болон бусад албаны хүмүүс оролцсон юм. Ёслолын үйл ажиллагааг нээж Технологийн дээд сургуулийн захирал Б.Барамсай хэлсэн үгэндээ “Монголын малын гаралтай бүтээгдэхүүнийг боловсруулах, түүний чанарын хяналтыг хангах, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ шалгаж, эрүүл ахуйн шаардлага хангаж байгаа эсэхийг тодорхойлох үр дүнтэй төсөл болж байна. Амьтны гаралтай бүтээгдэхүүнийг түүхий эд байхаас нь боловсруулаад эцсийн бүтээгдэхүүн хүртэл бүх төрлийн шинжилгээг хийнэ. Энэ лаборатори, загвар үйлдвэр нь Улаанбаатар хотод байгаа мах, сүүний чиглэлийн бүх үйлдвэрүүдэд зориулагдсан. Энд судалгаа шинжилгээ хийх арга барилыг эзэмшиж, мэргэжлээ дээшлүүлэх сургалтын чиглэлтэй үйл ажиллагаанууд явагдана” хэмээн онцоллоо.
Түүнчлэн олон улсын жишгээр загвар үйлдвэрт чанар, эрүүл ахуйн шаардлага хангасан хяналтын системийг иж бүрнээр нь байгуулсан байх шаардлагыг тавьдаг. Энэхүү лаборатори үйлдвэр нь дээрх жишигт нийцсэн бөгөөд мах, сүүний чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийг чанар, эрүүл ахуйн шаардлага хангасан хяналтын системийг нэвтрүүлсэн орчинд дадлагажуулах, сургах, оюутнуудад дадлага хийх боломж нөхцлийг олгох гол зорилготойг төслийн удирдагч Пак Хён Жун хэлсэн юм.
Мах болон сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадал бүхий тус үйлдвэр нь хүүхэд, хөгшчүүдэд зориулагдсан нэмэлт амин дэмтэй сүү сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа аж. Харин мах, махан бүтээгдэхүүний хувьд өнөөдрийн байдлаар хоёр нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа бөгөөд ирэх жилд нэр төрлөө олшруулж, үйлдвэрлэлээ өргөжүүлэхээр төлөвлөжээ. Түүнчлэн үйлдвэрийн бүтээгдэхүүнийг Технологийн дээд сургуулийн дэргэдэх IFTT компаниар дамжуулан зах зээлд гаргах бүрэн боломжтой юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ