“Цагийн ажил – 5” хөдөлмөрийн яармагаар 1500 орчим оюутныг нээлттэй ажлын байранд зуучиллаа

Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн Төв Биржээс 2015.11.13-нд Олон улсын оюутны эрхийг хамгаалах өдрийг угтан “Цагийн ажил 5” хөдөлмөрийн яармагийг амжилттай зохион байгууллаа. Хөдөлмөрийн яармагт урилгаар Рок мастер, Эко констракшн, Sky resort, нэгүл сургалтын төв, Номадс хоспитал зэрэг 20 ажил олгогч байгууллага оролцсоноос гадна ЗХТБиржид бүртгэлтэй 300 орчим цагийн ажлын байранд залуучуудыг бүртгэж зуучилсан байна.

Хөдөлмөрийн яармагт хичээлийн бус цаг, амралтын өдрүүдээрээ цагийн ажил хийж орлого олох зорилготой 2000 гаруй оюутан залуус хүрэлцэн ирснээс 1500 орчим нь цагийн ажил хайгчаар бүртгүүлж тухайн өдөр нээлттэй байсан ажлын байруудад зуучлагдлаа. Мөн яармагийн үеэр цагийн ажил хийж буй оюутан залуусын ажлын түүхийг бичих, хөдөлмөрийн бүтээмж, үнэлэмжийг нэмэгдүүлэх зорилготой “Цагийн ажилтны дэвтэр”-ийн нээлт, хөдөлмөр зуучлалын ухаалаг систем www.myjob.mn сайтын хөгжүүлэлт, шинэ боломжуудын талаар танилцуулсан нь оюутан залууст ихээхэн таалагдаж байв.

Залуучуудыг түр болон цагийн ажлын байраар тогтмол хангаж Залуучуудын ажилгүйдлийг бууруулах зорилгоор авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааг дэмжин ажилладаг “ЭКО КОНСТРАКШН”, “НЭГҮЛ СУРГАЛТЫН ТӨВ”, “РОК МАСТЕР” нарын 3 байгууллагад “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжигч байгууллага” өргөмжлөл гардуулж тогтмол цагийн ажил хийдэг 100 оюутанд “цагийн ажилтны дэвтэр” нээж өгсөн байна.

Залуучуудын Хөдөлмөрийн Төв биржид сүүлийн 2 жил гаруй хугацаанд 14018 залууг цагийн ажилд зуучилж тэдгээр залуус цагийн 1000-5000 өдрийн 10000-30000 төгрөгийн цалинтай ажиллаж нийт 278,650.000 төгрөгийн цалин ажил олгогчдоос авчээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ