"Богд асар” ХХК-ийн асуудлаар ШӨХТГ хуулийн байгууллагад хандана

Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө Газраас хувийн орон сууцны конторуудад шалгалт хийжээ. Энэхүү шалгалтын талаар өнөөдөр Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө Газрын дарга Т.Аюурсайхан мэдээлэл хийлээ.

Орон сууцны конторууд иргэдээс хууль бусаар төлбөр авч байна гэсэн гомдлын дагуу хувийн орон сууцны ашиглалтын компаниудын үйл ажиллагаанд шалгалт хийхэд таван компани оршин суугчдаас хууль бусаар мөнгө авч байсан нь тогтоогдсон байна. Үүнд:

1/ “Тэлмүүн орд” ХХК - Узелийн цахилгааны зардал нэрээр сард нэг өрхөөс 2,800₮

2/ “Богд асар” ХХК – Ус дулаан дамжуулах төвийн зардал нэрээр 6,000₮

3/ “Бадамлах нар” ХХК – Насос, тог нэрээр 2,475-11,000₮

4/ “Батбаян дулаан” ХХК – ЦТП нэрээр 11,000₮

5/ “Тунамал өргөө” ХХК – Ус дулаан дамжуулах төвийн зардал нэрээр 2,600 төгрөгийг тус тус хэрэглэгчдээс хууль бусаар авч байжээ.

Эдгээр компаниуд нь хэрэглэгчтэй харилцан тохиролцолгүйгээр Эрчим хүчний тухай хууль болон Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийг зөрчиж төлбөр авдаг байсан нь тогтоогдсон аж. Иймд ШӨХТГ-аас контор тус бүрт 1 сая 210 мянган төгрөгийн торгууль ногдуулж, зөрчлөө арилгахыг шаардлаа.

Энэ дагуу одоогоор “Батбаян дулаан” ХХК, Бадамлах нар ХХК, “Тэлмүүн Орд” ХХК, "Тунамал өргөө" ХХК-иуд хууль бус үйлдлээ таслан зогсоож, ШӨХТГ-т ирүүлсэн иргэдийн баримтыг үндэслэн хохирлыг нь барагдуулснаа мэдэгджээ.

Харин 1730 өрх бүхий Богд-Ар хорооллын "Богд асар” ХХК-ийн хувьд зөрчлөө таслан зогсоохгүй, үргэлжлүүлсээр байгаа тул иргэдээс зөвшөөрөлгүй, хууль бусаар их хэмжээний мөнгө хүчээр татаж байгааг гэмт хэргийн шинжтэй хэмээн үзэж ШӨХТГ-аас хууль хяналтын байгууллагад хандахаар болсноо мэдэгдлээ.

ШӨХТГ-ын зүгээс хяналт шалгалтаа үргэлжлүүлж байгаа бөгөөд одоогийн байдлаар 45 орон сууцны конторт шалгалт хийж байна. Энэ ажлыг иргэдийн мэдээлэл, байрны төлбөр төлсөн баримт дээр тулгуурлан тооцож байгаа бөгөөд нийт хохирлыг тогтоох, барагдуулах ажил үргэлжилж байгаа гэлээ.

Дашрамд дуулгахад, иргэд хэрэглээндээ хяналт тавьж, байрны төлбөр дээр тодорхойгүй, эргэлзээтэй ямар нэгэн төлбөр, нэмэгдэл байвал ШӨХТГ-т баримттайгаа ирж, шалгуулж болох юм байна.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ