Улаанбаатараас Парис хүрэх галт тэрэг хөдөллөө

Улаанбаатараас Франц хүртэл галт тэргээр зорчих боломжтой боллоо. Бээжингээс Европыг зорих галт тэрэг Улаанбаатараар дайрч зорчигч авах боломжийг нээж, Бээжин- Улаанбаатар-Москва-Парист очих галт тэрэгний аялалыг анх удаагаа нэвтрүүллээ. Ази, Европыг холбосон тээврийн асуудал, байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөллүүдийг багасгах зорилготой энэхүү анхны аялалд Монгол улсыг төлөөлж “Улаанбаатар Төмөр Зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн үйлчилгээний хоёр ажилтан оролцож байна. Тэд энэ сарын 28–нд Францын нийслэл Парис хотноо болох дэлхийн төмөр замын байгууллагуудын дээд удирдлагын уулзалтад хүндэтгэл үзүүлэхээр явж байгаа юм.

Энэхүү аялалд Орос, Монгол, Хятадын төмөр замын байгууллагуудын төлөөллүүд оролцож байгаа аж. Аялал ес хоног үргэлжлэх бөгөөд Бээжингээс Улаанбаатар, цаашлаад Улаан-Үд, Иркутск, Москва хүртэл үргэлжлээд Берлин, Амстердам, Лондон, Парис орох юм. Уг шинэ чиглэлийн тасалбарын тооцоог одоогоор хараахан суулгаагүй байгаа юм. Иймд анхны зорчигчид Улаанбаатараас Москва хүртэл 365 мянган төгрөгөөр, түүнээс цааших чиглэлийг Оросын тал хариуцах юм байна.

Ази Европыг холбосон төмөр замын шинэ гарц нь манай улсын эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх чухал ач холбогдолтой билээ.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ