С.Наранчимэг: Ээжүүд фэйсбүүкийн группээр дамжуулан бие биедээ маш буруу зөвлөгөө өгч байна

“Илаарших” өрхийн эрүүл мэндийн төвийн дарга, их эмч С.Наранчимэгтэй ярилцлаа.

-Хүйтний улирал ирж, хүүхдүүд ханиад томуугаар өвчлөх нь ихэслээ. Энэ жилийн вирус ямар онцлогтой вирус байгаа вэ?

-Сүүлийн үед гарч байгаа томуу, томуу төст өвчин бол ихэнх нь вирусээр үүсгэгдэж байгаа. Ингэхдээ эденовирус, энтеровирус, метапневмовирус зэрэг вирусууд хоорондоо холимог шинжтэй.Үүсгэгдэж байгаа вирус нь хүйтэнд тэсвэртэй эденовирус байгаа учраас шинж тэмдэгүүд нь хоорондоо төстэй. Тухайлбал, нүд, гэдэс өвдөх, гүйлгэх, ханиалгах, хоолой өвдөх, дотор муухай оргих гэх мэт шинж тэмдэгүүд илэрч байгаа. Нүдний ханиад гэж бидний яриад байгаа чинь вирусын л халдвар шүү дээ. Мөн зарим үүсгэгчүүд хоол боловсруулах замын эмгэг хэлбэрээр буюу суулгах, гүйлгэх, дотор муухайрах зэргээр илэрч байна. Өвчлүүлж байгаа нь нүдний салст бүрхэвч, амьсгалын замын залгиур хоолой, дээд замын үрэвсэл. Үүсгэгч нь яг юу вэ гэдгийг ХӨСҮТ-д сорьцын шинжилгээ авч шинжилж байгаа. Жил жилд үүсгэгч нь өөр байгаа учраас эмчилгээ ч мөн өөр байна. Яг одоогийн судалгаанаас харахад энэ жил томуугийн вирус дэгдэлт багатай ч хоруу чанар ихтэй байгаа.

naranchimeg-Урьдчилан сэргийлэх ямар арга зам бий вэ?

-Хувийн ариун цэвэр хамгийн чухал. Эмч нарын байнга хэлж сануулдаг гараа сайн угаах, өрөө тасалгаагаа чийгшүүлэх, агаарын солилцоо хийх, чийгтэй цэвэрлэгээ хийх, илчлэг өндөртэй хоол тэжээл идэх, мөн биеийнхээ дархлааны тогтвортой байдлыг хангах шаардлагатай. Ер нь хүний дархлаа муудах юм бол нэг өвчилнө, дархлаа хэт идэвхижсэнээс болж үүсдэг өвчлөлүүд бий. Тиймээс дархлаагаа тогтвортой барина гэдэг маш чухал. Ингэхийн тулд хүйтний улиралд алдаж буй хэмжээгээрээ илчлэгээ эргүүлэн нөхөж авч байхыг л хэлж байгаа юм. Мэдээж уламжлалт аргууд болох аарц, чацаргана зэрэг ундыг ууж болно.

-Хүүхдээ өвдсөн үед нь манайхны гаргадаг нийтлэг алдаанаас болж гарах хор хохирлын талаар та ярьж өгөхгүй юу?

-Хамгийн гол асуудал бол эцэг эхчүүдийн буруу дэглэм. Хүүхдээ ханиад хүрсэн үед нь гэртээ 2-3 хоногийн турш эмчилгээ хийлгээд хүндрүүлээд хүрээд ирдэг. Эмчээс эхлээд зөвлөгөө авах ёстойг огт мэддэггүй, эсвэл хайхардаггүй. Мөн цахим орчинд ээжүүдийн нэгдсэн группууд олон байдаг. Эдгээр группуудэд бие биедээ маш буруу зөвлөгөөнүүд өгч байгаа нь харагддаг. “Хүү халуурлаа” гээд л бичих юм бол энэ эмийг уулгачих, манай хүүхэд энэ эмийг уугаад зүгээр болчихсон гэх мэтээр зөвлөгөө өгдөг. Энэ бол тус биш ус. Өнөөдөр л гэхэд би хоёр хүүхдийг дуудлагаар гэрт нь очиж үзлэг хийхэд яг ийм шалтгаанаар өвчин нь үгдэрсэн хүүхдүүд байгаа юм. Тухайн хүний биеийн онцлог гэж нэг юм бий гэдгийг битгий мартаж байгаасай. Мөн хувийн эмнэлгүүдэд маш их замбараагүй эмчилгээ хийгдэж байгаагийн дээр эцэг эхчүүд дурын захын аптекуудыг сонгохоо болих хэрэгтэй. Эм зүйч байхгүй, эмч байхгүй эмийн санд ороод л зүгээр худалдагчаас нь зөвлөгөө авч байгаад нэг эм аваад гараад ирдэг. Зургаан настай хүүхдэд парацетомол 500 мг, гармонтой, хавсарсан найрлагатай эм өгчихсөн байх жишээтэй. Эмнэх жамын эмчилгээ гэж хийлгүй шууд шалтгааны эмчилгээ хийгээд байгаа гэж ойлгож болно.

-Ханиад, ханиалгын үеэр эцэг эхчүүд ихэвчлэн антибиотик сонгодог?

-Антибиотик өөрөө бактериалын гаралтай халдварын үед хэрэглэгддэг. Вирусын гаралтай халдварын үед антибиотик мянга хэрэглээд намжихгүй. Тэгэхээр яг тухайн вирусын эсрэг эмчилгээг л хийлгэх хэрэгтэй. Бактераар үүсгэгдээгүй өвчинд антибиотик уух юм бол биед хэрэгтэй нянгууд үхжиж, бие улам илүү их өвчилнө, даамжирна. Вирусын халдварын үед бид шинж тэмдэгийн эмчилгээг голчлон хийж байгаа. Өндөр халуурч байгаа үед шингэн сайн уулгаж, халууныг нь буулгах, хордлого тайлах эмчилгээнүүдийг хийж байна. Харин бактерийн гаралтай хавсарсан үүтгэгчтэй өвчилвөл антибиотик уухаас өөр аргагүй байдаг юм.

naranchimeg

-Хүүхдэд ер нь ямар шинж тэмдэг илэрвэл шууд өрхийн эмчдээ хандах ёстой вэ?

-Вирусийн халдвар авснаас хойш нууц үе гэж бий. Үүний дараа шинж тэмдгүүд илэрч эхэлнэ. Шингэн нус гойжих, гэнэт өндөр халуурах, дотор муухайрах, бөөлжих, суулгах зэрэг шинж тэмдгүүдийн хоёр нь л илэрсэн бол шууд өрхийн эмчдээ хандах хэрэгтэй. Үүнээс гадна мэдээж яаралтай шинж тэмдгүүдэд тооцогдох, хүүхдийн амьсгал олшрох, таталт өгөх, улайрч биш цайрч халуурах хүндэвтэр халууралт өгсөн бол эмчид шууд хандах хэрэгтэй.

-Хүүхэддээ ханиадаа халдаахгүйг бодож байгаа эцэг эхчүүд ямар арга авч хэрэгжүүлэх хэрэгтэй вэ?

-Ахиад хэлэхэд ариун цэврээ сайтар сахь. Гаднаас орж ирлээ гараа сайтар угаах, хоолойгоо давстай содатай усаар зайлах. Ханиалгах найтаах үедээ заавал нэг удаагийн салфетик, эсвэл масктай байх. Гэхдээ маскаа зөв ашигладаг байх чухал. Манайхан хоёр цаг тутамд маскаа солино гэдгийг огт мэдэхгүй өдөржин зүүгээд явчихдаг. Ингэхээр маскан дээр нь маш их нян бактер үүсч, овоордог. Түүнийгээ авч халаасандаа хийж хадгалж байгаад л буцаагаад гаргаж ирээд зүүнэ. Гэртээ сайтар чийгтэй цэвэрлэгээ хийж, өрөөнүүдийнхээ агаарыг байнга сольж байх хэрэгтэй шүү.

-Танд нэмж зөвлөх зүйл бий юу?

-Халдварт бус өвчний эрт илрүүлэлтийн аян болж байгаа. 30-60 насны бүх эмэгтэйчүүдийг бид шат дараатайгаар умайн хүзүү, эсийн шинжилгээ өгөөч ээ гэж уриалж байгаа юм. Гэтэл иргэд энэ шинжилгээндээ маш бага хамрагдаж байна. Тухайлбал, манай өрхийн эмнэлгийн хувьд энэ шинжилгээнд хамрагдах ёстой 650 орчим хүн байхад 60 нь л хамрагдсан байх жишээтэй. Бид гэрээр нь явж дуудна, урилга явуулна, ирээд шинжилгээгээ өгөөч ээ гэж маш олон удаа хэлж байна. Сүүлдээ ирэхгүй байгаа учраас ажлаасаа болоод л цаг зав нь гарахгүй байна гэж үзээд ням гарагт сунгаж ажиллахаар болоод байна. Манайд эмэгтэйчүүдийн хорт хавдрын өвчлөлийн хоёрдугаар байр, одоо ч бараг нэгдүгээрт байрт ороод байгаа умайн хүзүүний хавдарыг эрт илрүүлэх гэдэг нь гурван жил тутамд өгдөг эсийн шинжилгээ юм. Тэрийг хувийн эмнэлгүүд үнэтэй авч байгаа бол нийслэлийн өрхийн эмнэлгүүд дээр үнэгүй авч байгаа. Ингэхдээ гурван жил тутамд нэг удаа өгдөг учраас 30, 33, 36, 39 настай хүмүүс энэ жил, ирэх жил нь 31, 34, 37, 40 настай хүмүүс гэх мэтээр сөөлжилж шинжилгээгээ өгнө.

Б.ГЭРЭЛ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Н.АНХБАЯР

СЭТГЭГДЭЛ БИЧИХ