Хятадад $64 тэрбумын эргэлттэй “сүүдрийн банк” илэрчээ
БНХАУ-д урьд нь илэрч байгаагүй хамгийн том “сүүдрийн банк” буюу хууль бус банк ажиллаж байсныг хуулийнхан илрүүлсэн тухай Блүүмберг мэдээллээ.
Энэ банканд нийт 410 тэрбум юань буюу 64 тэрбум ам доллартай тэнцэх хэмжээний мөнгө эргэлдэж байжээ. Их хэмжээний дүнтэй мөнгө угаах үйлдэл нь эрх баригчдын авлигатай тэмцэх ажиллааны үр дүнд илэрчээ.
Тус хэрэгтэй холбоотой 370 гаруй хүн Хятадын зүүн хэсэгт байрлах Зэжиань мужид баривчлагдаад байгаа аж.
Шалгах үйл ажиллагаа өнгөрсөн оны есдүгээр сараас эхэлсэн ба Синьхуа агентлагийн мэдээлснээр жилийн турш 1.3 сая хууль бус гүйлгээ хийгдсэнийг цагдаагийнхан илрүүлсэн гэнэ. Мөн үүний улмаас банкны 3,000 гаруй дансыг царцаажээ.
Тус улсын хуулийнхан гадагшаа мөнгө урсах явдалтай тэмцэх ажлын хүрээнд ийм хэргүүдийг ихээр илрүүлэх болсон байна. Учир нь авлига зэрэг хууль бусаар олсон мөнгөө нуухын тулд төрийн албан хаагчид, төрийн эзэмшлийн компаний удирдлагууд Европ, Америкт үл хөдлөх хөрөнгө ихээр худалдан авах болсон нь үүнтэй холбоотой. БНХАУ-ын иргэн бүр жилд 50 мянга хүртэл юань гадаад валютаар солиулах хязгаартай байдаг юм.
Б.УЧРАЛ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ