Сэтгүүлч Л.Болормаа таалал төгсчээ

“Mongolian Mining Journal” сэтгүүлийн эрхлэгч Л.Болормаа өчигдөр Төмөр зам дахь гэртээ таалал төгссөн талаар эх сурвалжууд болон цахим ертөнцөд өгүүлж байна.

Түүнийг гадны нөлөөтэй нас барсан эсэхийг одоогоор тогтоох боломжгүй. Учир нь шүүх эмнэлгийн задлан шинжилгээний дүгнэлтээр тогтоох бөгөөд одоогоор дүгнэлт гарах болоогүй байна.

Л.Болормаа нь Өнөөдөр” сонинд 1998 онд сэтгүүлчээр ажиллаж байсан. 2001-2008 онуудад “Өнөөдөр” сонины Орлогч эрхлэгч, Нэгдүгээр орлогч эрхлэгчийн алба тус тус хашиж байсан. Шинэ сэтгүүл зүйн эхний өдрүүдэд тохиолдож байсан сорилт, туршлагынхаа талаар өгүүлсэн “Даашинзтай сурвалжлагууд” номоо 2007 онд хэвлүүлсэн. Энэхүү номонд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Кофи Аннанаас авсан ярилцлагууд, Афганистанаас хийсэн сурвалжлага зэрэг багтжээ. “Монголын 2003 оны сонины салбарын шилдэг сэтгүүлч” шагналтай.

Эдийн засаг, уул уурхайн сэдвээр англи ба монгол хос хэл дээр хэвлэгддэг Монголын анхны сэтгүүл болох "The Mongolian Mining Journal" сэтгүүлийг 2008 онд үүсгэн байгуулсан бөгөөд бие даасан мэргэжлийн редакцитай. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс тус сэтгүүлийг “Оны шилдэг сэтгүүл”-ээр шалгаруулсан.

Түүний гэр бүл, төрөл төрөгсөд, болон хамт олонд нь гүн эмгэнэл илэрхийлье. Ум сайн амгалан болтугай.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ