Үхлийн шалтгаан тодорхойгүй гэдэг нь дүгнэлт биш

Нийгмийн ухамсрыг төлөвшүүлэх, үнэн бодит мэдээллээр олон нийтийг хангах онцгой үүрэг бүхий хүмүүс бол сэтгүүлчид.

Сэтгүүлч хүн эрх мэдэлтний эрх ашгийг хамгийн ихээр хөндөн гаргаж тавьдаг гэдгээрээ олон нийтэд зарим сэтгэлгээг бий болгоод байдаг. Тухайлбал, өчигдөрхөн бидний дундаас од болон цацарч явсан сэтгүүлч, нийтлэлч эмэгтэй маань бурхны орныг зорилоо. Энэ таагүй мэдээ олныг цочирдуулсан төдийгүй зарим хүмүүст айдас төрүүлж буй талаар цахим ертөнцөөр шуугив. Төрийн "томчууд"-ыг шүүмжилсэн, улс оронд үүссэн гаж бүхнийг ил тод гаргаж тавьдаг байсан түүнийг хэн нэгний гарт үрэгдлээ гэх хардлага хүчээ авсан юм.

Аливаа хэргийн учгийг тайлахаасаа өмнө шууд дүгнэлт хийдэг зарим хүмүүсийн сэтгэлгээ бусдыг өөртөө итгүүлэх замаар олон нийтийг төөрөгдөлд оруулж байдаг. Үүнийг үзэл бодлоо илэрхийлэх эрх хэмээн үзэх хүн байдаг байх. Гэвч энэ нь зарим тохиолдолд бусдад сөргөөр нөлөөлж, нийгэмд таагүй уур амьсгалыг бий болгох магадлалтай.

Тухайлбал, Ийгл телевизийн мэдээний албанаас ажлын гараагаа эхэлж Монголын телевизийн мэдээний нэвтрүүлэгчийн нэгэн нүүр царай болж ирсэн NBS телевизийн захирал, сэтгүүлч бусдын гарт 2013 оны хоёрдугаар сарын 26-ны шөнө харамсалтайгаар амь насаа алдсан тухай мэдээлэл цацагдсан. Мөн түүнийг нас барсан шалтгааныг тогтоогоогүй байхад нь урьдчилан олон янзаар ярьж байсан юм.

Тэгвэл дараа нь буюу 2014 оны дөрөвдүгээр сарын 11-ний оройн 18:00 цагт Монголкоммент нэвтрүүлгээ хөтлөөд дахин эргэж ирэлгүй амьсгал хураасан хөтлөгч маань цэл залуугаараа өнгөрснийг санаж буй биз. Түүнийг өнгөрсөн шалтгааныг маш олон янзаар тайлбарласан байдаг. Эцэст нь Монголкоммент нэвтрүүлгийг хамт хөтөлж байсан ТВ9 телевизийн сэтгүүлч н.Билэгээ энэ байдалд эгдүүцэн албан ёсоор тайлбар өгсөн. Өөрөөр хэлбэл, талийгчийг бусдад хорлогдоогүй, хараалгаагүй, осол аваарт ороогүй, хэнд ч хутгалуулаагүй гэдгийг маш тодорхой хэлж өгсөн билээ. Энд мөн л тухайн үед нас барсан шалтгааныг тогтоогоогүй байхад энэ мэтийн олон дүгнэлт гарчихсан явж байсан.

Харин хамгийн сүүлд буюу өчигдөр дуулгасан харамсалтай мэдээллийн хувьд зарим мэдээллийн сайтаар гадны нөлөөтэй нас барсан хэмээн мэдэгдэж байв. Цахим хуудсуудаар ч, жиргээчид ч ихэнх нь гадны нөлөөтэй хэмээн үзэж байна. Гэвч мөн л мэдээ болгонд шалтгаан нь тодорхойгүй гэжээ. Тэгвэл өнөөдөр талийгаачийн ар гэр, хамт олны хүсэлтээр, тэдний нэрийн өмнөөс ийм мэдэгдлийг өглөө.

“Манай зарим хэвлэлийн байгууллага түүнийг гадны нөлөөтэй амиа алдсан болохыг дурдаад амьдарч байсан гэрийг телевизээр харуулсан нь дотны хүмүүст нь эвгүй сэтгэгдэл төрүүлжээ. Энэ эмгэнэлт явдалд ямар нэгэн гадны нөлөө байгаагүй болохыг дотны хүмүүс нь хэллээ” гэжээ.

Иймд олон нийт энэ тал дээр анхаарал болгоомжтой хандаж тэнцвэртэй, бодит мэдээлэл хүргэхийг тэдний зүгээс хүсч байгааг анхаарна уу. Харин талийгаачийн нас барсан шалтгааны хувьд шүүх эмнэлгийн эхний дүгнэлтээр гадны нөлөөгүй гэж гарсан байна. Тодруулбал, цус харвалт гэсэн бөгөөд нарийн шинжилгээний хариу 14 хоногийн дараа гарах юм.

Эндээс харахад, олон нийтийг цочроосон, шуугиулсан хэрэг явдлыг тухайн үед нь таамаглаад, олон янзаар тайлбарлаад орхидог, дараа нь асуултын хариултыг цаг тухай бүрт нь ард түмэнд өгдөггүйгээс ийм хандлага бий болж байгаа нь үнэн. Товчхондоо шалтгаан нь тодорхойгүй байна гэсэн бол дараа нь тодруулаад дүгнэлтийг нь мэдээлэхгүйгээс хүмүүс анхныхаа мэдээлэлтэйгээ үлддэгээс ихэвчлэн гадны нөлөөтэй, хэрэг нь дарагдсан гэх мэтээр дүгнэлт хийж байна.

Энэ мэтчилэн мэдээллийг туйлшруулах үзэгдэл манай нийгэмд цөөнгүй гардаг. Хамгийн гол нь баримтгүйгээр дүгнэлт хийх гэж яаралгүй хүн хүндээ хүндэтгэлтэй хандаж, нийгмийг зөв чигээр хөтлөн явах нь нэн чухал билээ.

Жич: Бурхан болсон хүний нэрийг дурсдаггүй гэдэг.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ