Ирвэс хамгаалагч залуу амиа юунаас өгөв

Машинаа гаражид тавихаар гэрээсээ гараад амиа алдсан 27 настай Л-ийн хэргийг УИХ-ын зарим гишүүд анхааралдаа авч эхэллээ. Тухайлбал, Л.Эрдэнэчимэг гишүүн "Ирвэс хамгаалагч энэ биологич залуу говьд Тосон бумбын уулыг хамгаалж байсан. Хулгайн анчид, уул уурхайн сонирхол гээд Тосон бумбат уулыг тойрсон асуудлуудтай тулгарч байсан байх. Тийм ч учраас энэ залуугийн амь нас гэнэт үрэгдсэн нь учир шалтгаантай юм биш биз дээ гэдэг хар төрсөн. Тиймээс энэ талаар Ардчилсан намынхаа бүлгийн хурал дээр ярьсан. Жирийн нэг байгаль хамгаалагч залуугийн төлөө бид дуугарахгүй бол байгалиа хамгаалж яваа онгон зэрлэг газарт ганц нэгээрээ яваа хүмүүс маань ямар нөхцөл байдалд байна вэ гэдгийг ярих цаг болсон юм биш үү гэдэг байдлаар бүлгийн хурал дээр саналаа хэлсэн. Манай бүлгийнхэн энэ тал дээр анхаарах хэрэгтэй гэдэг дээр дэмжиж ярилцсан." гэв.
Биологич залуугийн аав н.Төмөрсүх мөн хүүгийнхээ тухай ярихдаа, түүнийг удаа дараа дарамтлуулж байсан төдийгүй дөрвөн ч удаа мэсэнд өртөж байсныг хэлсэн байдаг. Гэвч эцэст нь ирвэс хамгаалагч залуу нийслэл дэх гэрээсээ гарсан ч түүний цогцсыг Хөвсгөлөөс олсон. Тиймээс энэ хэргийг гадны нөлөөтэй эсэх, түүнчлэн Талийгаач Л дарамтад байсан эсэхийг тогтоохоор Улсын мөрдөн байцаах газарт ажлын хэсэг байгуулан шалгаж эхэлсэн байна. Байгаль, газар шороо, ан амьтнаа хамгаалж явсан залуу Л-тэй холбоотой асуудлыг судалж үзэхийн тулд Тост уул, Тосон бумбын нурууг судалж үзэх хэрэгтэй гэсэн санал ч бас байна.
БОНХЯ-аас Тост, Тосон бумбын нуруу орчмын газрыг Улсын тусгай хамгаалалтад оруулах саналтай. Харин Уул, уурхайн яам ашигт малтмалын арвин нөөцтэй гэсэн байр суурьтай. Ийм 2 талын байр суурь, ашиг сонирхол энэ газар нутгийн эргэн тойронд явдаг аж. Тус газрыг палентеологийн их нөөцтэй гэж судлаачид үздэг бөгөөд ялангуяа үлэг гүрвэлийн олдвор нэлээд олддог байна.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ