Бэлэн мөнгөөр зорчих бол 700 төгрөг төлнө

Нийслэлчүүд нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлэхдээ цахим карт ашигладаг болоод багагүй хугацаа өнгөрсөн. Гэтэл нийтийн тээврийн арын хаалганы карт уншигч ажиллахгүй байх тохиолдол мэр сэр гарсаар байгаа. Энэ асуудлыг цаг тухайд нь зохицуулж, эвдрэлийг засч, янзлахаар "Улаанбаатар смарт карт" компаниас найман инженерийг Улаанбаатар хотын дөрвөн бүст хуваарилан ажиллуулж байна Тоног төхөөрөмж эвдэрсэн үед орлого багасах учраас жолооч нар удирдлагын төвд цаг алдалгүй мэдээлэх ёстой.

Харин тухайн үед автобусны төхөөрөмж ямар нэгэн байдлаар саатаад, дамжин суултын үнэгүй зорчих эрхээ эдэлж чадаагүй зорчигчийн хохирлыг барагдуулах боломжгүй. Тиймээс тухайн зорчигч дараагийн иргэнийг өөр шигээ хохирохоос сэргийлэн 70151289 утсанд цаг тухайд нь мэдээлэх боломжтой. Мөн жолоочид ч шаардлага тавих эрхтэй.

Одоогийн байдлаар байнга автобусаар зорчдог 700 мянган иргэний 553 мянган иргэн цахим картаа авчээ. Харин карт аваагүй иргэнийг 700 төгрөгөөр зорчуулах шийдвэр гарсан. Гэвч зарим иргэд автобусаар үйлчлүүлэхдээ бэлэн мөнгөөр буюу 500 төгрөгөөр зорчсоор байгаа. Тиймээс мөнгө хураагчаар хянуулахаар болжээ. Анх “ухаалаг” систем нэвтрүүлэхэд мөнгө хураагчдыг сургалтад хамруулж, ажлын байраар хангах тал дээр анхаарна гэж байсан бол удахгүй тэд ажилдаа орох нь ээ.

Ингэж илүү төлбөрөөр картын хэрэглээнд шахаж байгаа нь нэг автобусны буудлаас хэдэн зорчигч суугаад хэд нь хаана буусан, ямар хэмжээний орлого олсон зэрэг мэдээлэлтэй болоход чухал ач холбогдолтой юм байна.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ