Хятадуудын аманд унасан Засаг...

“Эрдэнэс Тавантолгой” компанийг өрөнд баригдаж, өтөнд идэгдээд байгааг хүлээн зөвшөөрч байсан Ерөнхий сайд маань тэс өөр зүйлийг ярьж сууна. Ерөнхийдөө бол өмнөд хөршийн төрийн өмчит Чайналко компанийн охин компани Чалко Монголын стратегийн ач холбогдол бүхий Тавантолгойн нүүрсний орд газрыг хариуцан үйл ажиллагаа явуулж ирсэн Эрдэнэс Тавантолгой компанитай хэлэлцсээр байгаад өөрсдийнхөө талд тохироог хийчихжээ. Учир нь Ерөнхий сайдын хэлж буйгаар “Чалко”-гоос авсан зээлийн үлдэгдэл 186 сая ам.доллар гэх бөгөөд өрийг дарахын тулд таван сар нүүрсээ үнэгүй урсгаад тэгснийхээ араас л ашиг энэ тэрийн тухай ярих гэнэ. Тэрнээс наана бол “Эрдэнэс Тавантолгой”-н алдагдал нэмэгдсээр л байх бололтой байна.
Хэдийгээр“Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн зүгээс компанийн удирдлага зардал бууруулах талаар тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлсний үр дүнднүүрсээ экспортлох боломжтой болсон гэх албан байр суурийг илэрхийлж байгаа ч, бондын мөнгөнөөс сэхэл авчихаад байгаа гэх мэдээлэл бий билээ. Энэ нь эргээд алдагдал нуруундаа үүрч болохгүй, хариуцлагатай байх ёстой гэсэн үг юм л даа. Гэтэл нөхцөл байдал өөр янзтай байна.
Манай Ерөнхий сайд бол Чалкогийн гэрээтэй холбоотой байр сууриа илэрхийлэхдээ “- “Эрдэнэс Тавантолгой” өрөндөө баригдсан. Тус компани өнөөдөр Монгол Улсын арилжааны банкуудад 110 тэрбум төгрөгийн өртэй. Сар бүр хүү явж байгаа гэсэн үг. Хоёрдугаарт "Чалко" компаниас 350 сая ам.доллар авснаас 190 орчим тэрбум төгрөгийн өр үлдээд байна. Нийлээд 300 орчим тэрбум төгрөгийн өртэй. Тиймээс энэ компани олигтой өөдөлж өгөхгүй байна. Арилжааны банкны зээл, "Чалко"-гийн зээлийн өр бондын хүүнээс өндөр. Ийм өндөр зээл аваад суугаад байх юм уу, бондоороо ядаж төлөх юм уу гэдэг асуудал гарч байна. Өр ширээ дарсан ч энэ компани ашигтай ажиллаж чадах боломж бас хүнд байна. Яагаад гэхээр "Чалко"-той хийсэн гэрээ нь Монгол Улсад хохиролтой гэрээ. Нэгдүгээрт дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ 100 байхад 70-аар, 70 байхад 50-аар өгөх гэрээ байгуулсан. Тиймээс энэ гэрээнээс салахаас өөр аргагүй. Салъя гэхээр 50 сая ам.доллар төлөх гэрээтэй. Ийм ашиггүй үнээр нүүрсээ өгснөөс мөнгийг нь төлөөд гэрээнээсээ татгалзъя гэсэн асуудлыг өчигдөр “Эрдэнэс Тавантолгой”-н захирал ярьсан. Тиймээс гэрээгээ цуцлаад арай өндөр үнээр нүүрс авах газруудтай гэрээ хийх шийдлийг бид гаргаж байгаа.” гэж хэлж байсансан. Тэгтэл хөөрхий ийм эх оронч үгс унагаж байсан Ерөнхий сайд маань өнөөдөр юун ашиг яршиг цаашаа гээд сууж байдаг. Сонирхолтой ч дүр зураг юм аа даа.
Ер нь бол Чалко компанийн Ерөнхийлөгч манай улсад ирсэн биш манай Засгийн нөхдүүдийн санаа бодлыг умалзтал эргүүлчихээд яваад өгчихөж. Ямартаа л "Чалко"-той хийсэн гэрээг үргэлжлүүлэх нь алдагдал л дагуулна гэж хүлээн зөвшөөрч байсан нөхдүүд тэрийгээ мартчихаж байх билээ.
Түүнчлэн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга ноён У Бангуо манай улсад айлчлал хийх үетэй давхцан тус улсын төрийн өмчит хөнгөн цагааны корпораци Чайналкогийн охин компани Чалкогийн албан ёсны мэдэгдэл манайхыг зорьсон байдаг. Талууд нэгэнтээ тохиролцож, манайх алдагдал хүлээх нь тодорхой болсон энэ цаг үед тус мэдэгдлийг дахиад нэг харчихад гэмгүй байна. Мэдэгдэлд өгүүлснээр талууд нэг жил орчим хугацаанд харилцан хэлэлцэж тохиролцсоны үр дүнд гэрээг байгуулсан бөгөөд гэрээг Хятдын төв засгийн газар болон Монгол улсын хамтарсан эвслийн засгийн газар баталсан. Энэхүү нүүрс худалдах, худалдан авах гэрээ нь харилцан ашигтай байх арилжааны гэрээ юм хэмээсэн байдаг.
Чалко нь Эрдэнэс Тавантолгой компанид ихээхэн хэмжээний урьдчилгаа төлбөрийг бага хэмжээний хүүтэй буюу 3хувийн хүүтэй төлсөн. Урьдчилгаа төлбөр нь ЭТТ компанийн санхүүгийн бэрхшээлийг нь шийдвэрлэн, үйл ажиллагаанд нь түлхэц өгч, Тавантолгой ордыг ашиглах олон жилийн хүлээлтийг бодит ажил хэрэг болгосон хэмээн тус компани үзэж байгаа аж. Мөн Чалко нь Хятадын төрийн өмчит томоохон компаниудын нэг болохынхоо хувьд урт удаан хугацааны худалдан авалтыг амалснаа баталгаажуулж, ЭТТ компанийн бүтээгдэхүүнийг Хятадад худалдах урт хугацааны баталгаатай, тогтвортой маркетингийн сувгаар хангаж байгаа хэмээн өгүүлсэн байгаа юм.
Энэ нь монголын нүүрс хүссэн хүсээгүй Хятад руу гарахаас өөр аргагүй гэдгийг бидэнд сануулсан үгс юм. Мөн зээлжих BBB зэрэглэлтэй Худалдан Авагч Чалко нь ЭТТ компанид бага өртгөөр их хэмжээний хөрөнгө олж авах боломжийг олгоод зогсохгүй, ЭТТ компани нь олон улсын зах зээлээс санхүүжилт босгох болон олон улсын хөрөнгийн биржид IPO хийхэд нь чухал дэмжлэг болж байгаа хэмээн тодотгосон байдаг.
Тэгэхээр Чалко компанийн мэдэгдлээс харахад бол Монголын Засгийн газар түүхэнд үлдэхүйц ашигтай гэрээг тэдэнтэй үзэглэсэн болж таарах бөгөөд тиймээс ч элдэв юм ярих нь утгагүй гэсэн агуулгатай. Гэтэл бодит байдал дээр Хятад тийш нүүрсээ үнэгүй урсгаж удсан Эрдэнэс Тавантолгой дампуурах дээрээ тулж, асуудал үүсээд ирэнгүүт ашгүй нэг бондын мөнгө орж ирж аварсан янзтай. Харамсалтай нь их алдагдал дагуулсан гэрээ үргэлжилж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ