Д.Төмөрбаатар: Би фортуна Н.Батбаярыг халз мэтгэлцээнд дуудаж байна

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар Улстөрч Д.Төмөрбаатартай ярилцлаа.
-Үндсэн хуулийн өөрчлөлтийг та дэмжиж байна уу, яагаад ? гэсэн асуултаар яриагаа эхэлье.
-Үндсэн хуулийг өөрчлөх ёстой юу гэвэл тийм. Гэхдээ өнөөдөр цаг хугацаа нь биш. Учир нь энэ өөрчлөх гэж байгаа бүрэлдэхүүн 2000 мянган онд өөрчлөх гээд үзсэн. Тэр нь монголын нийгэмд дордохын долоо гэдэг цолтой болсон. Тэгэхээр ийм хүмүүс дахин Үндсэн хуулийг өөрчилнө гэдэг бол яавч боломжгүй хүмүүс гэж үзэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, дордохын долоог хийсэн хүмүүс дордохын 63 өөрчлөлт хийх гээд сууж байна.
-Та илүү тодорхой жишээгээр тайлбарлаж өгөхгүй юу?
-Жишээ нь, УИХ-ын гишүүн Засгий газрын гишүүн байж болно гэж байгаа. Ерөөсөө засаглалын хямрал чинь эндээс үүдэлтэй. Хууль тогтоох хүн гүйцэтгэх эрх мэдлийг хянах ёстой. Гэтэл өөрөө хуулиа баталчихаад өөрөө гүйцэтгэнэ гэдэг байж боломгүй. Иймэрхүү ганц хүний шийдвэр гэдэг бол Ерөнхийлөгчийн засаглал юм шүү дээ. Тиймээс гурван сая хүний амьдралыг бүгдээрээ хэлэлцье, олуулаа ярилцаж шийдье гээд парламент 76 гишүүнтэй байгаа юм. Ер нь парламентад байгаа нэг ч хүн Үндсэн хуульд хүрч болохгүй, чадахгүй гэдгийг хэлмээр байна. Тэд өөрсдөө өнгөрсөн хугацаанд үүнийгээ баталсан.
-Та өөрчлөлт хийх ёстой гэлээ. Таныхаар ер нь ямар өөрчлөлт хийвэл зөв болох вэ?
-Аливаа хуулийн эрхэм зорилго тухайн хуулийн үйлчлэх хүрээг заана. Үндсэн хуулийг 76 биш ард түмэн тунхагладаг юм. 1992 оны ҮХ дээр бид иргэний нийгэм байгуулна гэсэн байгаа. Социализмын үед нэг намтай байсан бол одоо 26 нам байна. Ингээд иргэн бус нам төвтэй төр байгуулагдчихаад байна. УИХ-д 26 эрх ашиг харшилдаж байгаа учраас засаг хямраад байгаа гэдгийг хэлье.
Хэрэв ҮХ-ийг өөрчлөх гэж байгаа бол дараах зүйлүүдийг тодорхойлон тусгах хэрэгтэй. “МУ-ын Мөнхийн эрх ашиг гэж юу вэ” гэдгийг эрдэмтэд, философичдоор шүүн хэлэлцүүлж гаргаж ирэх ёстой. Англи орон үүнийг томъёолсон. Англи оронд мөнхийн дайсан, хань нөхөр байхгүй. Харин мөнхийн эрх ашиг байгаа гэдэг юм. Тэгвэл МУ-ын үнэт зүйл бол монгол хүний үнэ цэнэ гэж 10 жилийн өмнө бид томъёолсон шиг мөнхийн эрх ашиг гэж монгол хүний үнэ цэнийг байнга өсөн нэмэгдүүлэх явдал мөнгээд баталчихвал 26 намын хэрэг байхгүй болно.
Дараа нь, “Улсын үндэс юу вэ” гэхээр газар нутаг дээр оршин байгаа өрх гэр. Үндэстэй мод ургадаг гэдэг дээ. Тэгвэл 25 жил өрх айл, монгол иргэн лүү чиглэсэн бодлого хийж чадсан юм уу? Чадаагүйн баталгаа бол одоо бидний хямрал, ядуурал. Энэ бол бодит баримт.
Бас, “Улсын суут зорилго гэж юу вэ” гэдэг нь гурван сая хүний зорилгыг нэгтгээд тийм зорилгыг томъёолдог юм. Бидэнд төр барих ухаан дутаад байгаа юм биш, тэр хүмүүс нь төрд харахгүйд байгаа юм. Тэднийг гаргахгүй байх бүх процессыг эд хийж байна. Ер нь намын гол зорилго бол хэсэг бүлэг хүмүүс бөөнөөрөө нийлж засгийн эрхийг гартаа авах явдал юм.
-Ер нь ард түмэн өөрсдөө хэний ч нөлөөнд авталгүй, намаас хараат бус байдлаар сонголтоо хийхэд болох юм шиг санагддаг юм. Сонгуулийн талаар таны бодол?
-Хэрэв шударга сонгууль явуулъя гэвэл ард түмэнд цагаан хуудас тараах хэрэгтэй. Тэд өөрсдийнхөө сонгох 76 хүний нэрсийг бичих ёстой. Монголчууд айхтар гярхай. Сая 200 мянган сонгогчдод цээжинд нь бэлэн яваа шударга, үнэнч хүмүүс байгаа гэж бодож байна. Гэвч ийм боломжийг огт олгохгүй, тулгалтаар сонголт хийлгэдэг. Тэгэхээр нэг удаа сонгох, сонгогдох эрхээ эдэлмээр байх юм.
ҮХ-ийн дагуу цэвэр УИХ-ын гишүүн гэж хэлэгдэх эрхтэй хүмүүс бол Даваасүрэн, Ганбаатар, Болорчулуун гурав. Бусад 73 нь ҮХ-ийн бус аргаар буюу намын жагсаалтаар орж ирсэн. ҮХ-д 25 нас хүрсэн иргэнийг сонгоно гэж байдгаас намыг сонгоно гэж байхгүй.
-Намгүйгээр улстөр байна гэдэг бас байж болохгүй зүйл байх л даа. Ер нь яагаад нам гараад ирсэн юм бэ?
-Харин үүнийг бодох ёстой. Нам гэдэг гарт баригддаггүй, хариуцлага тооцож болдоггүй сүг сүүдэр шиг юм байна. Би энэ ярианыхаа хариуцлагыг хаа ч хүлээнэ. Харин намд ямар нэгэн байдлаар хариуцлага тооцож болдоггүй. Товчхондоо, нам гэдэг нэрийг ашиглан хэдэн луйварчид монголоор тоглож байгаа юм. Хариуцлага тооцох болохоор намын араар ороод нуугдчихдаг.
-Намд хариуцлага тооцдог болж болдоггүй юм уу?
-2008 оны долдугаар сарын 1-ний үймээний дараа би шүүхэд намуудыг татан буулгах асуудлаар өргөдөл өгч байсан. Гэтэл нам тараах эрх нь Дээд шүүхэд байдаггүй гэсэн хариу өгсөн. Тэгэхээр хуулийн гаргалгаагаар бол Дээд шүүх бүртгэж болсон юм чинь хасч болох ёстой байхгүй юу. Уг нь Дээд шүүхийн бүрэн эрхийн хүрээнд болдог л юм билээ. Уг нь намуудын үйл ажиллагааг зогсоовол хүн өөрийгөө бодож эхэлнэ дээ.
-ҮХ-ийн асуудалдаа эргэж оръё. ҮХ-ийн хэчнээн зүйл, заалтад өөрчлөлт хийх гээд байгаа нь, мөн урьд нь ямар байсныг яаж өөрчлөх гэж байгаа вэ гэдгийг иргэд бараг мэдэхгүй, мэдээлэлгүй байна. Та энэ талаар товч мэдээлэл өгөөч.
-Нэг л жишээ дурдъя. Нэмэлт, өөрчлөлтийн хувилбар дээр ҮХ-ийн 1-р зүйлд “”МУ-ын ҮХ-ийг МУ-ын Эх хууль гэж нэрлэсүгэй.” гэж байгаа. Тэгвэл эцэг хууль нь хаа байна. Харин 1992 оны ҮХ-д МУ бол тусгаар тогтносон бүрэн эрхт бүгд найрамдах улс мөн гэдэг. Тэгэхээр үүнийг би тусгаар тогтнол руу шууд халдсан үйлдэл гэж үзэж байгаа. 1992 оны ҮХ нь 70 зүйл 272 заалттай, 5736 үгтэй, 570 таслалтай, 249 цэгтэй. Үүнээс 63 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулна гэсэн. Тухайн хуулийн 20 хувийг нь өөрчилнө гэдэг нь энэ хуулийг бүхлээр нь өөрчилж байна гэж тооцдог. Тэгэхээр энэ бол нэмэлт, өөрчлөлт биш үндсээр нь өөрчилж байгаа өөрчлөлт. Үүнийг хийх гэж улайрч байна. Фортуна Батбаярыг хар. 9-ийн тооны бэлгэдэл яриад ч байх шиг. Тооны бэлгэдлээр тоглодоггүй юм шүү гэдгийг онцгойлон анхааруулж хэлмээр байна. Тоо шидтэй шүү.
-9 болон 5-ын тоонд муу талын бэлгэдэл бас байдаг юм уу?
-Үгүй л дээ. Манай тооны бэлгэдлүүд цаанаа батлагдсан теоремтой байдаг. Тэгэхээр сайны бэлгэдлийг муу үйлд хийвэл түүнийхээ хариуг муу муухайгаар хүртэнэ гэж л хэлэх гээд байна. Ер нь Батбаяртай олон нийтийн өмнө буюу мэдээллийн хэрэгслээр шууд халз мэтгэлцмээр байна. Ойрын хугацаанд дуудна гэж бодож байгаа.
-Ард нийтийн санал асуулгыг явуулна гэж байгаа. Энэ талаар таны бодол?
-ҮХ-ийн 68-р зүйлийн 2-т ҮХ-д нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар УИХ-ын гишүүдийн 2/3-оос доошгүй саналаар ард нийтийн санал асуулга явуулж болно гэсэн байдаг. Тэгэхээр эхний босго бол гишүүдийн 2/3-оос доошгүй санал, тэгж байж тогтоолын төсөл өргөн барьдаг. Тэгсэн чинь шууд тогтоолын төслөө өргөн барьж байна. Нөгөө талаар 63 өөрчлөлтийн талаар иргэдэд мэдээлэл байхгүй. Мэдэхгүй байгааг нь далимдуулж давуулан тонгорох гэж байна. Үнэхээр санал асууя гэж байгаа бол хуудсан дээрээ өөрчлөлтүүдээ бичих хэрэгтэй. Энэ өөрчлөлтөөр ҮХ-иас 14 зүйлийг ор мөргүй хасах гэж байна. Ихэнх хасалт нь Ерөнхийлөгчийн эрх мэдэлтэй холбоотой. Жишээ нь, Ерөнхийлөгч Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга гэж байгааг үгүй болгох гэж байна шдээ. Мөн УИХ-ын бүрэн эрхэд халдсан заалт байна. Энэ нь Ерөнхий сайд кабинетаа өргөн бариад 14 хоногийн дотор УИХ хэлэлцсэн, хэлэлцээгүйгээс үл хамааран тогтоол хүчин төгөлдөр болно гэнэ. Харин 1992 оны ҮХ-д Ерөнхий сайд хэчнээн кабинеттай байх эрх нь нээлттэй байгаа. Тэгэхээр энэ хэн бичсэн, хэний авторын хууль вэ гэдгийг би Батбаяраас асуух гээд байгаа юм. Хэний захиалга вэ?...Уг нь одоогийн хуулиа хөгжүүлэх боломж байгааг эд нар олж харахгүй байна.
-Санал бодлоо хуваалцсан танд баярлалаа. Танд ярианы төгсгөлд хэлэх үг байна уу?
-Бид “хууль байдаг, хуулийн дээр Үндсэн хууль байдаг, түүний дээр тэнгэр байдаг” гэж ярьдаг. Энэ үгийн утгыг сайтар ухаж ойлгох нь чухал. Хуулиа өөрчилснөөр хямралаас гарна гэж байхгүй.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ