Эрхэм новшнууд

Эрхэм гишүүдийг эгүүлэн татах эрх зүйн орчин байхгүй болохоор бүтэн дөрвөн жил дархлагдаж байна. Тэд УИХ-ын гишүүн болоод сайдын сэнтий руу тэмүүлдэг даварсан хүмүүс. Одоо Монголд 16 хүн УИХ, Засгийн газрын гишүүний давхар эрх ямба эдэлж байна. Тэдний дотроос Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ “Ажнай” групп, Эрчим хүчний сайд М.Сономпил “Залуу Монгол” корпорацийнхаа ажлыг орхисон гэвэл хэн ч үнэмшихгүй. Эдгээрийн зангилаан дээр асар том ашиг сонирхол цохиж яваа.

1999-2000 онд парламентад суудалтай байсан намууд хуйвалдан /АН, МСДН, МАХН/ Үндсэн хуульдаа хууль бусаар нэмэлт өөрчлөлт оруулсан билээ. Үүний балгаар Үндсэн хуульд тусгалаа олоод байсан төрийн эрх мэдэл хуваарилах зарчим гажуудаж, УИХ-ын гишүүн нь Засгийн газрын гишүүн байж болно гэсэн нэмэлт өөрчлөлт орж, хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдэл нэг гарт төвлөрч эхэлсэн. Их сэтгэгч Ш.Л.Монтескье “Хуулийн амин сүнс” бүтээлдээ “Хууль тогтоох хийгээд гүйцэтгэх засаглалыг нэг гарт төвлөрүүлбэл эрх чөлөөний тухай ярих ч хэрэггүй. Нэгэнт эрх чөлөөгүй нөхцөлд хараат бус шударга шүүх оршихгүй. Шүүх эрх мэдлийг хууль тогтоох эрх мэдэлд нэгтгэвэл иргэдийн амьдрал, эрх чөлөө дур зоргын золиос болно. Хэрэв гүйцэтгэх эрх мэдэлд шүүхийг нэгтгэвэл шүүх дарангуйлагч болох бололцоотой” хэмээн бичсэн нь Монголын нийгэм, улс төрийн байдлыг тэртээ 260 жилийн өмнө толинд харсан юм шиг хэлжээ.

УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний албан тушаалыг хавсарч байгаа бол “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” хуулийн дагуу УИХ-аас байгуулагдах хяналт шалгалтын ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орохыг, түүнчлэн хяналт шалгалтын ажлын хэсэг байгуулахаар санаачлах, санал оруулахыг хориглоно гэсэн нь аргагүй юм.Өмнөх парламентуудад өөрсдийнхөө компанийг өмөөрсөн Өршөөлийн хууль, албан тушаалтныг хариуцлагаас бултуулсан Эрүүгийн хууль, иргэд сонгогчдын бус олигархи, эрх мэдэлтнүүдийг хамгаалсан Сонгуулийн хууль, ард түмэндээ бус харийнханд дулдуйдсан Ашигт малтмалын хууль, авлигачдад ээлтэй Авлигын эсрэг хууль гээд амин сүнсгүй, тоочиж үл барах хуулиудыг эрх зүйн төсөөлөлгүй эрээвэр хураавар 76 гишүүнтэй УИХ маань шинэ жилийн үдэш, битүүний орой, наадмын өглөө хуйвалдан баталсаар ирсэн нь нууц биш хэмээн иргэний хөдөлгөөний манлайлагч Ж.Батзандан нэгэнтээ хэлж байсан юм.

Их сэтгэгч Монтескьегийн хэлсэнчлэн сүнсгүй хуулиудын тоо нэмэгдэх тутам хэн нэг хүн, эсвэл хэсэг бүлэг хүмүүсийн ашиг сонирхол гүйцэлдэж, ардчиллын тулгуур үнэт зүйл болох хувь хүний эрх чөлөө, нийтийн ашиг сонирхолд аюул учруулдгийг санах хэрэгтэй. Өнөөдөр Монгол Улсад нийт 1103 хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Гуравдугаар сард 947 байсан хууль даруй 156-аар нэмэгдсэн ч гэмт хэрэг хоёр дахин өсчээ. Тэгэхээр энэхүү мянга гаруй хуулийн хэд нь сүнсгүй байгаа бол.

Хэрвээ УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний албан үүргийг хавсран гүйцэтгэж байгаа бол Засгийн газрын гишүүний цалин авах ёстой. Зүгээр л жирийн эрхэм гишүүний түрийвч руу өнгийгөөд үзье л дээ. Тэдний үндсэн цалин сард 610 мянган төгрөг, дээр нь онцгой нөхцөлийн нэмэгдэл 30 хувиа нэмээд 793 мянгыг халаасална. Жилд хотын дотор унааны зардалд 6,6 сая, гар утсаар ярихад 1,5 сая, албан томилолтоор явахад 7,5 сая, мэдээж өөрийгөө рекламдах мэдээлэл сурталчилгааны гэх зардалд хагас сая, сонин сэтгүүл захиалахад 240 мянга, зочин гийчин хүлээн авахад 720 мянга, гадаадад явахдаа нүүр тахлах бэлэг сэлтэд 100 мянга, хуулийн төсөл боловсруулахад 20 сая, хууль сурталчлахад 10 сая, гадаадад туршлага судлахад таван сая, туслах, зөвлөх, бие төлөөлөгчийн зардалд 22,8 сая гээд 85 сая шахам төгрөгийг захиран зарцуулах бүрэн эрхтэй. Дээр нь анх 10 саяас эхэлж нэмэгдсээр нэг тэрбумд хүрсэн мөнгийг тойрогтоо цацна. Эрдмийн цол зэрэг, цэргийн цол хэргэмтэй бол мэдээж нэмэгдэнэ. Хэрвээ тэр эрхэм Улаанбаатарын гудамжаар явган явах юмуу бусдын машинд дайгдвал, гар утсаар биш өрөөнийхөө утсаар яривал хэмнэсэн мөнгө нь дараа сарын 10-ны дотор цалингийн картанд нь хүссэн хүсээгүй орно. Нэгэнт улсаас энэ мөнгийг хэрэглэсэн ч таных, хэрэглээгүй ч таных гээд өгч байгаа юм болохоор ёстой дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэхэд саадгүй. Төр эрхэм гишүүдийг ингэж саятан болгосноо тэрбумтан болгов. Тэр тогтоолыг өмнөх эрхмүүд өөрсдөө баталсан юм билээ.

УИХ-ын 2008 оны 28 дугаар тогтоолын эдгээр заалтзаримд нь жаахан чамлагдсан ч юмуу 2010 он гарангуут дээрх тогтоол, тогтоолын хавсралтад нэмэлт өөрчлөлт оруулахаар холбогдох тогтоолын төслийг санаачлан боловсруулж УИХ-д өргөн барьсан байх юм. Төсөлд “УИХ-ын гишүүдийн хот дотор хэрэглэх суудлын автомашины нэг км-т ногдох зардлын хэмнэлтийг 300 төгрөгөөр тооцож байсныг 500 төгрөгөөр тооцож байхаар өөрчлөх”, “Намын бүлгийн ахлагч нарын хотын дотор хэрэглэх унааны болон сар тутам хэрэглэх үүрэн телефоны утасны зардлын хэмжээг байнгын хорооны даргын зардлын хэмжээтэй адилтгах” гэх мэтийн өөрчлөлт тусгасан байсан. Төрийн түшээ болно гэдэг парламентын тогоон дотор юу ч гэж бурсан хариуцлага хүлээхгүй, хуралдаанаас хоцорвол торгуулахгүй, тасалбал цалин хасуулахгүй ёстой гоё ажил.

Эрхэм гишүүн Д.Тэрбишдагва нэгэнтээ, бид өөрсдөдөө зориулсан хууль боловсруулж баталдаг юм шиг болчихоод байгаа хандлагаа болиоч ээ, олны дунд тийм яриа гараад байна ш дээ гэсэн нь үүнийг хүлээн зөвшөөрсний шинж. Х.Тэмүүжин дөрвөн жилийн өмнө ард иргэд хүмүүн бусын хоосролыг амсаж байгааг би үгүйсгээгүй. Хүмүүс туйлдаж, хоосорч байгааг, яг үнэндээ баялаг бүтээж байгаа бизнесменүүдээсээ биш, харин төр барьж буй ч хүслээ барьж чаддагүй, шударга царайлах авч шуналаа дарж дийлдэггүй, тархи нь жижигдэж толгой нь томдсон улстөрчдөөсөө, албан тушаал нь олдож ажил нь цөөдсөн эрх дархтнуудаасаа асууж, тэдэнд хариуцлага тооцох хэрэгтэйгэж хэлж байсан ч өдгөө мартжээ. Албан тушаал нэмэгдэх тушаал эрхэм гишүүдийг новш болгож байна.

Эрхэм новшнууд телевизийн камерын өмнө ясаа цайтал үзэлцдэг боловч дараа нь тосоо гартал тэврэлддэг. Саарал ордны өрөөнүүдээр хэн нэгнийг унагах, дэвшүүлэх, бас тендерийн луйвар хийх гэх мэт хор найруулах яриа байнга тэнүүчилж явдаг. Эхнэрээ араар нь тавьж, нууц амрагтаа байр, машин бэлэглэдэг, том бооцоотой тоглодог эрхмүүд парламент дотор байхгүй гэвэл та итгэх үү. Нийслэлийн Х хороололд тийм тоглоомын байр, хотын төвийн хамгийн өндөр байшингийн дээд давхарт люмпен элитүүдийн (үүнийг их гоё тодорхойлсон байдаг )эмсийн хүрээлэн албан ёсоор болажилладагүй л дээ. Эрхэм новш эхнэрээсээ илүү жолоочдоо, туслахаасаа илүү жолоочдоо итгэдэг. Амьтан хүний сиймхийгээр жолоочийнх нь араас дагавал ч...

Сонгогчид эрхмүүдийн хөрөнгө орлогын мэдүүлэг, ашиг сонирхлын зөрчлийн мэдүүлгийг нэхэж аваад танилцах эрхтэй. Бүгд л өндөг шиг өөгүй гэж мэдүүлдэг. Гэвч нийгэм даяараа шударга ёсыг үгүйлэн бухимдаж байна. Австрийн философич Ханс Хельсен ашиг сонирхлуудын зөрчилдөөн байхгүй бол шударга ёсны хэрэгцээ ч байхгүй гэсэн нь сонирхолтой гаргалгаа юм. Эрхэм новшнуудыг нь УИХ-аас эгүүлэн татдаг болъё.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ