Сүрьеэтэй тэмцэхэд хүчин мөхөсдөж байна

Монгол Улс Мянганы хөгжлийн зорилтдоо “2015 он гэхэд сүрьеэгийн тархалтыг 100.000 хүн амд 150, нас баралтыг 1.5 болгож бууруулах”-аар тусгасан. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар Номхон далайн баруун бүсийн 37 орноос сүрьеэгийн тархалт, нас баралт ихтэй 7 орны нэгт Монгол Улс багтдаг. Дотоодын судалгаагаар сүрьеэгийн тархалт нийт халдварт өвчний 3, халдварт өвчнөөр нас баралтын шалтгааны 1-рт орж байна. Ийнхүү тархалт өндөртэй сүрьеэ өвчин нь эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудал хэвээр байсаар байгаа юм.

Сүрьеэ бол амьсгалын замаар тархдаг, нийгмийн халдварт өвчин. Нэг сүрьеэтэй өвчтөн 10-15 хүнд халдвар тараах эрсдэлтэй байдаг. Сүрьеэг аль болох эрт оношилж, архагшуулалгүй эмчилж чадвал халдварыг хязгаарлаж чадахаас гадна төсөв зардлыг ч хэмнэх боломжтой. Монгол Улс сүрьеэгийн тусламж, үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлж байгаа.

Судалгаанаас харахад хүн амын талаас илүү хувь нь уг өвчнөөс урьдчилан сэргийлэх дадал, хандлагын талаар хангалттай сайн мэдлэггүй байна. Шинээр илэрч байгаа сүрьеэгийн тохиолдлын 70 хувь нь 16-44 насны залуучууд байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд эмэнд тэсвэртэй сүрьеэгийн тохиолдлын тоо нэмэгдэж байгаа аж. Мөн сүрьеэгийн өвчлөлтэй тэмцэхэд хүний нөөцийн хомсдол дутагдалтай байгаагийн зэрэгцээ ХӨСҮТ-ийн сүрьеэгийн клиникийн тасгууд нь өвчтөний халдварын зэрэг, эмэнд тэсвэртэй хэлбэрээр нь ангилан хэвтүүлэх боломжгүй, хүүхдийн сүрьеэг эмчлэх тасаг нь сүрьеэгийн клиник дотроо холилдсон, эмч, эмнэлгийн мэргэжилтний дундах сүрьеэгийн өвчлөл нэмэгдэх хандлагатай байгаа нь өнөөгийн тулгамдсан асуудал болсон.

Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Эрүүл мэнд, спортын яам хамтран “Сүрьеэгүй Монгол” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлгийн үеэр сүрьеэгийн өвчлөлийг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэх тухай асуудлыг нухацтай хэлэлцэн ярилцаж, тус өвчинтэй тэмцэх талаар цаашид авч хэрэгжүүлэх санал, зөвлөмж гаргах нь зүйтэй гэж үзэв.

Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт, Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, Ё.Отгонбаяр, Л.Энх-Амгалан нар санаачлан боловсруулж, Засгийн газраар өргөн мэдүүлүүлсэн “Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай” хууль байнгын хорооны анхны хэлэлцүүлгийн шатанд явж байна. Уг хууль нь эрүүл мэндийн салбарт эрс шинэчлэлийг хийж, эрүүл мэндийн тогтолцооны гажуудлыг засаж залруулах чухал хууль болно хэмээн найдаж байна.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ