Э.Амарбат: Г.Шийлэгдамбын асуудлаар удахгүй мэдээлэл өгнө


ЭМС-ын сайд асан Г.Шийлэгдамбыг АТГ-аас авлигын хэргээр саатуулан, улмаар яллагдагчаар татаад буй. Түүнийг албан өрөөндөө их хэмжээний хахууль авч байхад нь үйлдэл дээр нь саатуулсан гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан. Гэвч уг асуудалд өнөөдрийг хүртэл АТГ-аас ямар нэгэн мэдээлэл, албан ёсны тайлбар хийгээгүй.
Тиймээс энэ талаар Авлигатай тэмцэх газрын Мөрдөн байцаах албаны дарга, ахлах комиссар Э.Амарбатаас тодрууллаа.
-ЭМС-ын сайд асан Г.Шийлэгдамбыг авлигын хэргээр саатуулаад нэлээд хугацаа өнгөрлөө. Гэвч өнөөдрийг хүртэл танайхаас албан ёсоор мэдээлэл өгсөнгүй?
-ЭМС-ын сайд асан Г.Шийлэгдамбатай холбоотой асуудлаар удахгүй мэдээлэл өгнө.
-Энэ хэрэгт мөн ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Ганчимэгийг саатуулаад байгаа. Энэ талаар юу хэлэх вэ?
-Төрийн нарийн бичгийн дарга Г.Ганчимэгийг цагдан хорьсон нь үнэн. Мөн авлигын хэргээр шалгах зайлшгүй шаардлага байгаа. Магадгүй, сайд асан Г.Шийлэгдамба, Төрийн нарийн бичгийн дарга Г.Ганчимэг нарын хэргээр хамтад нь мэдээлэл өгч болно.
Тэрбээр ийм тайлбар өгч байна. Харин ЭМС-ын сайд асан Г.Шийлэгдамба нь өдгөө ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж буй. Түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 286-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Хоригдож байх хугацаандаа биеийн байдал нь муудсан учир өмгөөлөгчийнх нь зүгээс батлан даалтад гаргах хүсэлт тавьсан ч шүүх хүсэлтийг хүлээн авалгүй үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргасан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ