“Box Open” талбайн теннисний тэмцээн өндөрлөв

Спорт бокс суваг, Монголын талбайн теннисний холбоо хамтран Box open анхдугаар тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. Спорт бокс сувгаас санаачлан ерөнхий зохион байгуулагчаар нь ажиллаж шилдэг 16 теннисчдийн өрсөлдөөнийг хоёр өдөр Сөүл талбайд явуулж дүнгээ гаргалаа. Энэ тэмцээн цаашид жил бүр уламжлал болон явагдах юм. Эрэгтэй шилдэг 16 теннисчид хос, ганцаарчилсан төрөлд өрсөлдсөн бол эмэгтэй тамирчид ганцаарчилсанд хурд хүчээ сорилоо. “Box open” анхдугаар тэмцээниймедалийн эздийг танилцуулая. Эрэгтэй хос төрөлд 3-р байрыг ОУХМ Д.Эрдэнэбаяр, спортын 1-р зэрэгтэй тамирчин Р.Маргадмөн нар шалгарсан бол 2-р байрт ОУХМ Б.Оюунбат, М.Бадрах нар эзэллээ. Харин энэ төрөлд аваргын алтан медалийг Спортын мастер Б.Оюунболд, С.Сүхжаргал нарын хос энгэрээ мялаалаа. Эмэгтэй ганцаарчилсан төрөлд 1-р байрыг Спортын мастер Н.Жигжидсүрэн эзэлсэн бол удаах байрт Спортын мастер Э.Золзаяа шалгарсан бол 1-р зэрэгтэй тамирчин Э.Болороо, спортын мастер Г.Намуун нарын хос 3-р байрт шалгарч хүрэл медаль хүртлээ. Эрэгтэй ганцаарчилсанд ОУХМ М.Бадрах аваргын алтан медаль хүртсэн бол 2-р байрт ОУХМ Б.Оюунбат шалгарч 3-р байрыг ОУХМ Д.Эрдэнэбаяр, Спортын мастер Б.Оюунболд нар эзэлсэн юм. Эрэгтэй 8 теннисчин Бокс опенд өрсөлдсөн. Анх удаа шилдэг теннисдчийн дунд ширүүхэн өрсөлдөөнийг өрнүүлсэн Бокс опен талбайн теннисний тэмцээн ирэх жилүүдэд улам өргөжин оролцогчдын тоо, цар хүрээгээ нэмэгдүүлэх нь гарцаагүй. 3 сая төгрөгний шагналын сантай Бокс опен тэмцээний түрүүг аваргын цомтой хүртсэн тамирчин 600.000 төгрөг алтан медалийг хамтад нь гардан авлаа. Талбайн теннисний спортыг дэмждэг энэ спортыг одоо байгаагаас илүү хөгжүүлэх зорилготой, санаа нэгтэй пүүс компаниудтай Спорт бокс суваг хамтран цаашид эх орондоо Их дуулга тэмцээнийг зохион байгуулахаар төлөвлөж байна. Ингэснээр Их дуулгаас шалгарсан шилдгүүд дэлхийн тавцанд гадны тамирчидтай эн тэнцүү өрсөлдөх басхүү эх орныхоо нэрийг дуурсгах цаг илүү ойртох юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ