Нутгийн 80 гаруй хувь нь цасан бүрхүүлтэй байна

Энэ жил олон жилийн дунджаас илүү хүйтэн болно, 40 жилийн давтамжтай зуд болно хэмээн ярилцаж байна. Энэ талаар Ус, Цаг, Уур, Орчины Хүрээлэнгийн Цаг уурч Ч.Сарантуяагаастодрууллаа.

- Энэ өвөл хэр хүйтэн болох вэ?Өвлийн цаг агаарын урьдчилсан төлөв байдал гарсан уу?

-12 дугаар сарын сүүл, 2016 оны нэгдүгээр сарын цаг агаарын урьдчилсан төлөв байдал гарсан. Үүнээс харахад 12 дугаар сарын ерөнхий төлөв нь нутгийн хойд хэсгээр олон дунджаас бага зэргийн хүйтэн, нутгийн өмнөд хэсгээр дундаж орчим байна.

- Ирэх сарын цаг агаарын төлөв ямар байх вэ?

- Энэ сарын сүүл 12 дугаар сарын эхээр цаг агаар тогтворгүй байна. Нутгийн ихэнх хэсгээр цас орж, цасан шуурга шуурч хүйтний эрч чангарна. Цаашид эхний арван хоногийнхоо дунд үеэс хүйтний эрч бага зэрэг суларч сарын дунд үе, сүүлээр буцаад чангарна. Томоохон голын хөндий нутаг Идэр, Тэсийн хөндий, Хүрэн бэлчирийн хөндий, Дархадын хотгор гэсэн нутгаар шөнөдөө 38-43 хэм, дунд голууд Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Улз Халх голын хөндийгөөр 33-38 хэм бусад нутгаар 27-30 хэм хүртэл хүйтэрнэ. Сарынхаа бусад хугацаанд дээрх хэмээс 3-4 хэмээр сулавтар байна.

- Цас их орж байна. Орон нутагт хэр зузаан цасан бүрхүүл тогтоод байгаа бол?

- Ихэнх нутгаар цас орсон учраас нутгийн 80 гаруй хувь нь цасан бүрхүүлтэй байна.Цас ихэнх нутгаар хэвийн хэмжээний буюу олон жилийн дундаж байгаа. Гэхдээ Хөвсгөл аймгийн зүүн хэсэг Баян-Өлгий, Сэлэнгийн баруун тал, Өмнөговь, Дорноговийн өмнө нутаг, Хэнтийн өмнөд нутгаар дунджаасаа их цас орох төлөвтэй байгаа. Харин Говь-Алтайн нутаг болон Ховдын зүүн хойд, Баянхонгорын зарим нутгаар багавтар цастай байна.

Баруун аймгийн хойд хэсэг Увс, Завханы нутаг, Төвийн бүс нутгийнхаа урд хэсгээр Архангайн нутаг Хөвсгөлийн өмнөд хэсэг, Булганы урд хэсэг, Төв аймгийн баруун тал, Хэнтийн аймгийн өмнөд Сүхбаатар аймгийн ихэнх нутгаар, Дундговь, Дорнод аймгийн хойд талаар цастай, цас их нягтаршилтай байна.

-Өвөлжилт нэлээд хүндрэх бололтой. Ард иргэдэд анхааруулга, зөвлөмж өгөөч.

-Зарим сумдаар 20-25 см зузаан цастай байна. Ерөнхийдөө энэ жил өвөлжилт хүндэрч болзошгүй. Малын бэлчээр цасанд дарагдсан байгаа. Иймд ард иргэд малчдыг малынхаа өвс тэжээл, өвөлжилтөнд шаардлагатай зүйлсээ хотондоо ойртуулах, отор нүүдлээ зохицуулах хэрэгтэй гэдгийг анхааруулан хэлье.

-Мэдээлэл өгсөнд баярлалаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ