Автобусны жолооч ноцтой осол гаргажээ


СХД-ийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт 2013 онд гарсан осол /Сутайн буянт/
"Сутайн буянт" ХХК-ийн автобусны жолооч өнгөрсөн бямба гарагт ноцтой осол гаргаж, зорчигчид болон автобусны буудал дээр байсан хүмүүсийг гэмтээсэн байна. Осол гарах үед “Сутайн буянт” ХХК-ийн Daewoo BS-106 маркийн автобусыг тус компанийн жолооч Б жолоодож явжээ.
Автобус чиглэлийнхээ дагуу зорчиж явахдаа Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр Алтан овооны гуравдугаар гудамжны 18 тоотын ард байрлах автобусны буудал болон тус айлын хашааг мөргөжээ. Ослын улмаас автобусны буудал дээр байсан есөн иргэн, автобусанд зорчиж явсан зургаан хүн гэмтсэн байна. Гэвч гэмтсэн нэг иргэн нас баржээ. Ослын газарт нийслэлийн Онцгой байдлын Аврах ангийн алба хаагчид ажиллаж, Яаралтай түргэн тусламжийн эмч нартай хамтран анхны тусламж үзүүлээд гэмтсэн иргэдийг ГССҮТ-д хүргэсэн аж.
Харин нас барсан иргэний нэр, хаяг нь тодорхойгүй бөгөөд 30-35 орчим насны эрэгтэй хүн байв. Уг хэргийг Замын цагдаагийн газрын мөрдөн шалгах хэлтэст шалгаж байна.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ