Чимээгүй “дайсан” буюу дуу чимээний бохирдол

Бидний өдөр тутмын амьдралд, ялангуяа хүн ам ихээр сууришсан хот газар эрч хүчээс сорж, эрүүл мэндэд нөлөөлж байдаг чимээгүй нэгэн “дайсан” байдаг нь дуу чимээний бохирдол билээ. Энэ бол цахилгаан хэрэгслийн гаргадаг бүх төрлийн дуу авиа юм. Энэ дуу авиа хэрээс хэтэрч яршиг төвөгтэй болохоороо дуу чимээний бохирдол болдог. Гудамж талбай, нийтийн тээвэр, тоглоомын талбай, худалдааны төв, үйлдвэр станцуудын дуу гээд олон эх сурвалжтай. Дуу чимээг децибел гэх нэгжээр хэмжих бөгөөд европын олон оронд болон АНУ-ын зарим мужид өдрөөр 65, шөнө 55 хүртэлх децибел дуу авиа гаргахыг зөвшөөрсөн байдаг. Гэр ахуйн хэрэгслүүд дунджаар 87, үйлдвэрийн суурь машины дундаж хэмжээ 98, онгоц 150, түгжрээтэй авто замын дуу дунджаар 90 децибел байдаг. Гоожуурын ус дуслах, цагийн зүү цохилох зэрэг хүртэл нам гүмийг их эвддэг гэж үзнэ.

Дуу чимээний бохирдол сэтгэц, зүрх, хүүхэн хараа, хоол боловсруулах эрхтэнд сөрөг нөлөөтэй. Үүнийг хамгийн их мэдэрдэг эрхтэн бол мэдээж чих. Хэт их чимээ шуугиан шууд дүлийрэхэд хүртэл хүрч болдог байна. Онгоцны буудлын ойролцоо амьдардаг хүн нам гүм газар амьдардаг хүнээс илүү уур, уцаартай, зочимтгой, нойр муутай болох магадлалтай байх ба чанга чимээтэй газар амьдарсанаар аймхай, өөртөө итгэлгүй, гутранги болох магадлал их болдог. Чанга дуутай үйлдвэрт ажилладаг хүн ердийн, дуу чимээ бага газар ажилладаг хүнээс таргалах магадлал 34 хувиар илүү болохыг судалгаагаар тогтоожээ. Түргэн ядрах, анхаарал сулрах, зүрх судасны үйл ажиллагаанд өөрчлөлт орох, даралтихсэх, зүрхний шигдээсийн эрэсдлийг нэмэх, бодисын солилцоо болоод ходоод гэдэсний үйл ажиллагаан хэвийн хэмжээ алдагдах хүний эрүүл мэндэд олон сөрөг нөлөө үзүүлдэг. Дуу чимээний бохирдолын улмаас хүмүүс бухимдуу, мартамхай, эд зүйлсээ хаяж гээх, хүнд туслах, дэмжих сэтгэхүй бага, эрүүл мэндийн хувьд зүрх муутай, сонсголын эрхтэн муудах, нойр муутай хэт ядарсанаас үүдэлтэй бусад дагалдах шинж тэмдэгүүд хүнд үүсдэг байна. Эрдэмтдийн хийсэн судалгаагаар дуу чимээний ийм бохирдолд амьдардаг хүмүүс бохирдолд амьдардаггүй хүнээс 10-20 жилээр бага амьдарч байгааг ч баталдаг байна. Эдгээр дуу чимээний бохирдолын үндсэн шалтгаан нь ерөөсөө л тээврийн хэрэгсэлийн хэт их хэмжээ, ногоон байгууламжгүй хот, чанар муутай барилга гэсэн үндсэн 3 шалтгаан юм. Тиймээс аль болох замаас хол эсвэл ногоон байгууламжаар халхлагдсан, дуу чимээний тусгаарлалтыг тооцсон эсвэл амрах болон унтлагын өрөөнүүд эсрэг талд нь төлөвлөгдсөн үл хөдлөх хөрөнгө авах нь амгалан тайван амьдрах нэг үндсэн нөхцөл болно. Гэртээ дуу бага гаргадаг электрон бүтээгдэхүүн сонгож ойр орчиндоо мод тарихыг зөвлөдөг. Гэсэн хэдий ч гэрээсээ гараад л бид дуу чимээний бохирдолд өртөнө гэдэг нь үнэн билээ. Машины дуут дохиог хүмүүс чухал бус үед хүртэл ихээр хангинуулдаг. Энэ нь маш их яршигтай байдгийг хүн бүхэн мэддэг ч тэвчээд л өнгөрдөг. Австрали, Америк гэх мэт оронд тоног төхөөрөмж, машин техникийг дуу багатайгаар үйлдвэрлэж эхэлсэн туршлага байдаг. Америкт болон дэлхийн өндөр хөгжилтэй олон оронд хүмүүс амьдардаг газар машин замаас хол байхаар төлөвлөсөн байдаг.

Ан амьтад ч үүний хохирогч болох ба хоол хүнсээ олох, үржилд ороход нь саад болдог. Завь, хөлөг онгоц, шумбагч, тээвэрлэгч далай тэнгисийн амьтдад ихээр нөлөөлдөг байна. Ижлээсээ төөрч, хоолгүй үлдэн, айль зан нь тогтворгүйжиж, дээрэнгүй болдог. Мод дууг бууруулаад зогсохгүй ойр орчныг цэвэршүүлж чийг хураан амар амгаланг авчирдаг. Машины дуут дохиог аль болох хангинуулахгүй байх нь зөв ба хэт их дуу чимээтэй газар ажилладаг бол чихэвч, дуу намсгагч зүүх хэрэгтэй. Уул уурхайн ойр орчинд амьдарч байгаа хүмүүст дуу чимээ нүргэлэх, хэт чанга сонсогдохоос болж амьдрахад таагүй байдаг. Дуу чимээ, дуу авиа хүнд сонсогдох чухал ч гэсэн таагүй, чанга, ядраахаар бол хүн байгаль амьтдын хувьд хэвийн бус зүйл болон хувьрах ба үүнийг дэлхий нийтээр бас нэгэн төрлийн чимээгүй тахал хэмээн нэрийдэх болжээ. Телевиз гэхэд дуу авианы хувьд ямар сөрөг нөлөөтэй болохыг бид тэр бүр мэддэггүй. Заримдаа нохой зогсолтгүй хуцах, хаалга хийхатнах гэх мэт чимээ хүртэл биед сөрөг нөлөөтэй болдог.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ