Ерөнхийлөгчийн хоригийг дэмжлээ


УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 14 дүгээр дүгнэлтийн тухай” Улсын Их Хурлын тогтоолд тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцээд 62.5 хувийн саналаар дэмжлээ.
УИХ-аас Цэцийн дүгнэлтэд тусгасан “Хоёроос гурван аймгийн дунд байгуулагдсан Давж заалдах шатны шүүх, мөн хоёроос гурван дүүргийн дунд байгуулагдсан Анхан шатны шүүх нь ирэх 2016 оны дөрөвдүгээр сарын 1-нээс цааш ажиллах боломжгүй болж буй. Тиймээс энэ асуудлыг хууль эрх зүйн хүрээнд зөрчилгүй болгохын тулд УИХ дээр заасан хугацаанд багтаан аймаг бүрт нэг Давж заалдах шатны шүүх, дүүрэг бүрт нэг Анхан шатны шүүх байгуулах холбогдох хуулиудын өөрчлөлтийг хийх”-ээр болсон.
Харин Үндсэн хуулийн цэц болоод УИХ-аас гаргасан дээрх шийдвэрт Ерөнхийлөгч хориг тавихдаа “Энэхүү тогтоол нь ижил агуулга бүхий асуудлаар харилцан адилгүй жишиг тогтооход хүргэхийн зэрэгцээ улс орны эдийн засаг, төсөв, санхүү хүндрэлтэй энэ үед шүүгч, түүний туслахын орон тоо, шүүхийн байр болон бусад зардлын асуудлыг шийдвэрлэхэд эдийн засгийн бололцоо муутай, Монгол Улсын 2016 оны Төсвийн тухай хуульд энэ зардлыг тусгаагүй зэрэг нь тогтоолыг хэрэгжүүлэхэд хүндрэлтэй, дам утгаараа шүүн таслах үйл ажиллагаа тасралтгүй, хэвийн явагдахад сөргөөр нөлөөлөхөд хүргэж байна” гэж тайлбарлаад буй.
Дашрамд, аймаг бүрт давж заалдах шатны шүүх, дүүрэг бүрт анхан шатны шүүх байгуулах ажилд урьдчилсан байдлаар нийт 11.3 тэрбум төгрөг шаардлагатай болоод буй юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ