“Ажилтай Орлоготой Өвөрхангай залуус” өдөрлөг боллоо

Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж өнгөрсөн 2015.11.27-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод Өвөрхангай аймгийн хөдөлмөрийн хэлтэс, Өвөрхангай аймгийн Залуучуудын Холбоотой хамтран “Ажилтай Орлоготой Өвөрхангай залуус” өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа. Тус өдөрлөгийн үеэр ажилгүй залуучуудтай уулзах, Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт зөвлөгөө, ахлах ангийн сурагчдад мэргэжлээ зөв сонгох талаар зөвлөгөө өгөх, бүтээн байгуулалтын салбарт ажиллах хүсэлтэй залуучуудыг бүртгэх, “Илгээлтийн эзэд 2” хөтөлбөрийг танилцуулах зэрэг үйл ажиллагаа явагдлаа. Өвөрхангай аймгийн хөдөлмөрийн хэлтэст 2015 оны байдлаар 1200 орчим ажил хайгч иргэд бүртгэлтэй байна. Өвөрхангайн залуучууд маань бүтээн байгуулалтын салбарт ажиллах хүсэл эрмэлзэл их байсан бөгөөд хурдан ажилдаа орж ажиллахыг хүсч байгаа талаараа дурдаж байсан юм. Дийлэнх нь Зам барилгын салбарт ажиллах хүсэлтэй залуучууд байсан бөгөөд дунджаар 25-40 насны залуус байлаа. Бүтээн байгуулалтанд 100 гаруй залуучууд, байнгын ажилд 30 орчим залуучууд бүртгэгдсэн ба ахлах ангийн 6 бүлгийн 170 гаруй сурагчдад мэргэжлээ хэрхэн зөв сонгож чадварлаг боловсон хүчин болох талаар Залуучуудын Хөдөлмөрийн Төв Биржийн сургалт хариуцсан мэргэжилтэн З.Отгонзаяа сонирхолтой лекц тавьсан юм. Мөн төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Ж.Довдон "Бүтээн байгуулалт 2016" болон МЗХ-оос хэрэгжүүлэхээр бэлтгэж байгаа “Илгээлтийн эзэд 2” төсөл хөтөлбөрийг танилцууллаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ