Бага насны хүүхэд хохирогч болох нь ихэслээ

Нийслэл хотод энэ сарын 10-23-ны өдрүүдэд 2710 офицер, 2313 цагдаа, 448 автомашинтайгаар 1328 чиглэлд эргүүлийн үүрэг гүйцэтгэж ажилласан байна. Энэ өдрүүдэд Цагдаагийн байгууллага иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 16755 мэдээ, мэдээлэл хүлээн авч, 569 гэмт хэрэг бүртгэгдсэнийг өмнөх 14 хоногтой харьцуулахад мэдээ, мэдээлэл 4254 нэгж буюу 20.2 хувиар, гэмт хэрэг 132 нэгж буюу 18.8 хувиар буурчээ. Нийслэлийн Цагдаагийн газрын дарга Д.Батжаргал Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн дээр хэлэхдээ "Гэр бүлийн хүчирхийлэл, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр дүүргүүдийн Засаг дарга, хороодын Засаг дарга, нийслэлийн Боловсролын газар, нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийгмийн халамж, үйлчилгээний газар, Сууц өмчлөгчдийн холбоодын удирдлагууд хамтран ажиллаж цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэх саналтай байгаагаа илэрхийлсэн. Учир нь гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн гаралт ихсэж, бага насны хүүхэд хохирогч болох тохиолдол нэмэгдэж байгаа тул онцгой анхааран ажиллах шаардлагатай байна" гэлээ.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ