Ц.Цогтбаяр: Алдагдсан мөнгө олдоно, хэн авсан нь бараг тодорхой болж байгаа

Азербайжаны нийслэл Баку хотод болсон “Голден Гран-при” олон улсын уламжлалт тэмцээний 57 кг-ын жинд зодоглосон ОУХМ Э.Бэхбаяр мөнгөн медаль хүртэж элэг нэгтнүүдээ баярлуулсан. Харамсалтай нь, тэрбээр медалийг нь дагалдаж ирсэн 5000 ам.долларынхаа 4200-г хулгайд алдчихаад ирсэн нь шуугиан тариад байгаа юм. Өчигдөр гэхэд эл асуудлаар хэвлэлийн бага хурал хийсэн бөгөөд хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа юм. Ингээд дасгалжуулагч Ц.Цогтбаяртай утсаар холбогдож тодруулга авлаа.

-Э.Бэхбаярын мөнгөн медалийг дагалдаж ирсэн шагналын мөнгө таны цүнхэнд байж байгаад алга болсон гэх юм?

-Энэ хэргийн Хан-Уул дүүргийн цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Миний цүнхнээс мөнгө солигдож алдагдсан нь үнээн. Цагдаагаас мэдүүлэг авч байгаа болохоор тодорхой мэдээлэл өгмөөргүй байна. Юу болсон явдлын тухайд яривал, тухайн үед онгоцонд суунгуутаа суудлын дээр байрладаг тээшинд цүнхээ хийсэн юм. Онгоцонд ороход мөнгө байсан. Хамгийн сүүлд Бэхбаяр надаас 100 ам.доллар авсан. Харин үлдсэн мөнгийг нь би цүнхэндээ хийсэн. Тэгээд шууд онгоцондоо суусан. Буунгуутаа бид ачаануудаа аваад 20 гаруй минут автобусаар явсан юм. Гурав дугаар хэсэг дээр очиход ачаа хүлээж авах болоогүй байна гэхээр нь хоолонд орохоор шийдэцгээсэн л дээ. Хоолны газар ороод цүнхээ уудалсан чинь урд талын хэсэгт нь байсан миний ч 200 ам.доллар байгаагүй. Хэдэн юанийг нь л үлдээсэн байсан. Тэгэхээр нь хүүхдүүдээ тоглосон бол миний мөнгийг гаргаад өгчих гэж хэлсэн. Макдоналдст байхдаа цүнхээ уудлаад Бэхбаярын мөнгийг гаргаж ирэхэд ороосон чигтээ байсан. Барихад нэг л биш санагдахаар нь задлаад үзсэн. Гэтэл хоёр захад нь 100 ам.доллар, дотор нь баахан нэгтийн дэвсгэрт хийчихсэн байсан. Ийм л үйл явдал болсон хэрэг.

-Яг хэн хэн явж байсан юм бэ?

-Би, Сэрээтэр, Цэгмид, Мандахнаран, Бэхбаяр бид тав явж байсан. -Тэгэхээр тэр мөнгө онгоцонд байхад алга болсон гэсэн үг үү? -Би тэр цүнхнээсээ ерөөсөө салдаггүй юм. Авч, солих боломжтой ганцхан газар нь онгоцонд л байсан. Биднийг унтсан хойгуур авсан байх гэсэн таамаг байна. Шөнө нислэгтэй байсан учраас бүгд л онгоцонд ороод нам унтсан.

-Таны хувьд мөнгийг авсан байж болзошгүй гэж хардаж байгаа хүн байна уу?

-Хүүхэд болгон тус тусдаа мэдүүлэг өгсөн. Юу гэж мэдүүлэг өгсөн нь нууц байгаа. Миний хувьд энэ мөнгийг олдоно гэдэгт итгэлтэй байна. Хэн авсан нь бараг тодорхой болж байгаа, хэн буруутай нь тогтоогдоно.

-Таныг холбооноос гаргах гэсэн нэг оролдлого байхыг ч үгүйсгэхгүй гэсэн мессэж яваад байна?

-Янз янзын яриа оролдлого байгааг үгүйсгэхгүй. Ер нь бол ганц надруу ч биш, зарим нэг хүнийг холбооноос шахаж гаргах гэсэн оролдлого аль дээрээс л яваад байгаа шүү дээ. Нийгэмд ямар яриа гараад байгааг хэлж мэдэхгүй байна. Ямартаа ч цагдаад мэдүүлэг өгөөд энэ хэргийн үнэн мөнийг олж хэргийг зөвөөр шийдээсэй гэж хүсч байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ