Б.Болд: Микроны жолооч автобус жолооддог байхыг үгүйсгэхгүй

Сүүлийн үед том оврын автобустай холбоотой зам тээврийн томоохон осол дараалан гарч, хүний амь нас хохирсон тохиолдлууд цагдаагийн байгууллагад бүртгэгдсээр байна. Энэхүү мэдээлэл олон нийтийг ч айдаст автуулж, нийтийн тээврийн унаанд амгалан тайван сууж явдаг цаг өнгөрчээ хэмээцгээж буй юм. Бид энэ асуудлаар ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа талаар Нийслэлийн тээврийн газрын Олон нийттэй харилцах мэргэжилтэн Д.Болдоос тодрууллаа.
-АВТОБУСНЫ ЖОЛООЧИЙН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХЭД МАШ ХҮНД-
-Сүүлийн өдрүүд том оврын автобусны жолооч нар маш олон осол гаргалаа. Танай байгууллагын зүгээс ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?
-Том оврын автобустай холбоотой зам тээврийн осол гэмтэл гардаг ч өнгөрсөн өдрүүдэд нэлээд олон осол гарч, хүний амь эрсэдсэн харамсалтай зүйл боллоо. Энэ асуудлуудад Замын цагдаагийн газраас ослын шалтгаан нөхцөлийг тодруулахаар ажиллаж байна. Шалгалтаар замын нөхцөл байдлаас болсон уу, техникийн бүрэн бүтэн байдлаас уу, эсвэл жолоочийн ур чадвараас болсон уу гэдгийг тогтоох байх. Ингээд эцсийн дүгнэлтээ манай Нийслэлийн тээврийн газарт гаргаж өгөх байх. Үүний дараа манай зүгээс тухайн автобусны жолооч болон автобус компаниудад ямар арга хэмжээ авч ажиллахаа шийднэ. Одоогоор замын цагдаагийн газраас дүгнэлт гарахыг хүлээсэн байдалтай байна.
-Хүмүүс маш их айдастай байна. Том оврын автобусанд сууна гэдэг үхэл рүүгээ явахтай адил гэж үзэж байна?
-Мэдээж иргэдийн дунд ийм айдас байхаас аргагүй. Бид цаашид холбогдох хүмүүст нь зохих арга хэмжээ, хариуцлага оноож, цаашид ийм зөрчил гаргуулахгүй байх тал дээр анхаарч ажиллаж байна.
-Автобусны мэргэшссэн жолооч нар дутмаг, оронд нь хурд хэтрүүлэн, сүлжиж давхидгаараа алдартай микроны жолооч нар автобус жолооддог гэх юм. Үнэн үү?
-Манай нийтийн тээвэр, ялангуяа том оврын автобусны хувьд жолоочийн асуудал шийдвэрлэхэд маш хүнд асуудал байдаг. Микроны жолооч нар ажиллаж байхыг бид үгүйсгэхгүй. Том машин механизм барьдаг, туршлагатай жолооч нар цалин мөнгөний асуудлаас болоод уул уурхайн ажил хийхээр хөдөө орон нутгийг зорих нь элбэг байдаг. Ингэхээр яалт ч байхгүй ангилал нь таараад, автобус жолоодох жолоочгүй болсон тохиолдолд манайх микро жолооддог байсан ч гэсэн авахгүй гэх үндэс байхгүй.
-Өвлийн улиралд том оврын автобусны туршлагатай, олон жил ажилласан жолооч нар осол гэмтэл гаргахаас эмээгээд чөлөө авдаг. Оронд нь микроны жолооч нар нөхдөг гэх юм?
-Энэ асуудлыг тухайн автобус компани дээр нь очиж асууж сураглавал бодит мэдээлэл олж авах болов уу. Түүнээс биш туршлагатай жолооч нар нь өвөл чөлөө авдаг гэх мэдээлэл манайдбайхгүй байна.
-ДӨРВӨН ТОМ ОСОЛ ГАРЧ, ХОЁР ХҮН НАС БАРЛАА-
-Замын цагдаагийн газраас автобусны жолооч нарт Замын хөдөлгөөний дүрэм дагуу хариуцлага тооцдог байж. Гэтэл цаана нь эдгээр жолооч нарыг ажилд авч байгаа автобус компаниудад ямар хариуцлага оноох ёстой вэ. Хаа хаанаа хариуцлагатай байж осол аваараас сэргийлж чадах юм биш үү?
-Мэдээж торгуулийн арга хэмжээ байдаг. Хамгийн доод тал нь тухайн автобус компаниудыг 250 мянган төгрөгөөр торгоно. Бүр цаашилбал нийтийн тээврийн үйлчилгээ явуулах тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авдаг журам бий.
-Тусгай зөвшөөрөл цуцлах арга хэмжээ авсан тохиолдол бий юу?
-Одоохондоо ийм тохиолдол байхгүй.
-Сүүлийн долоо хоногт нийтийн тээврийн автобустай холбоотой хэчнээн осол гэмтэл гарсан талаархи тоон мэдээлэл танайд ирсэн үү?
-Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд нийтийн тээврийн том оврын автобустай холбоотой дөрвөн том осол гарлаа. Үүний улмаас хоёр хүн нас барсан. Өнгөрсөн бямба гаригт Улаанчулуутын хогийн цэг орчим, Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Сутайн буянт” ХХК-ийн жолооч автобусны буудал мөргөж, цаашлаад Алтан овооны гуравдугаар гудамжны 18 тоотын иргэн Ж-ийн хашааг мөргөсөн ноцтой осол гаргасан. Энэ ослын улмаас нэг хүн нас барж, 13 хүн гэмтсэн. Бүгдийг нь эмнэлгийн үзлэгт хамруулсан. Одоогоор эмнэлэгт эмчлүүлж байгаа хүн байхгүй. Мөн уржигдар өглөөний 09:50 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр, Хархорин захаас баруун тийш “Миний дэлгүүр”-ийн урд замд “Тэнүүн огоо” компанийн "Daewoo BS-106" маркийн автобусны жолооч явган зорчигч, 50 орчим насны эрэгтэйг дайрч амь насыг нь хохироосон.
-ПОРТЕРИЙН ЖОЛООЧ БОЛОН АВТОБУСНЫ ЗОРЧИГЧИД ГЭМТЭЭГҮЙ ГЭСЭН-
-Өчигдөр Яармагийн гүүрэн дээр өвс ачиж явсан “Портер” маркийн машины араас мөн л том оврын автобус мөргөсөн. Жолооч маш хүнд байдалтай эмнэлэгт хүргэгдсэн гэсэн. Биеийн байдал нь ямар байгаа талаар мэдээлэл авсан уу
-“Портер” маркийн автомашины жолооч болон таван хүн гэмтсэн гэсэн мэдээлэл олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гарсан. Гэхдээ "Эрдэм Транс" компанийн бидэнд өгсөн мэдээллээр ямар нэгэн хүн гэмтэж бэртээгүй, харин автобусны жолоочийн тархи бага зэрэг гэмтэл авсан гэсэн мэдээлэл байна.
-Автобусны жолооч бэлддэг сургууль, курс гэж байдаг уу?
-Манай Зорчигч тээврийн нэгтгэлийн хоёрдугаар бааз дээр автобусны мэргэшсэн жолоочийн курс хичээллэдэг. Энэ курсэд салбартаа олон жил ажилласан, туршлагатай жолооч, механикч багш нар ажилладаг. Энэ бааз дээрээ тулгуурлаад дадлага хийх материаллаг бааз нь хангалттай бий.
-Автобусны жолооч нарыг яг ямар шалгуураар сонгож авдаг юм бэ?
-Мэдээж том оврын автобус барьж байсан, зохих хэмжээний дадлага туршлага байгаа эсэхийг харна. Мөн автобус барих ангилалтай, мэргэшсэн жолооч байх ёстой гэх шаардлага тавьдаг. Автобус жолоодож байгаа жолооч нар Зорчигч тээврийн нэгтгэлийн хоёрдугаар баазад байх автобусны мэргэшсэн жолоочийн курсыг заавал төгссөн байх ёстой байдаг.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ