Зөрчилтэй конторууд хууль бус үйлдлээ зогсоов

Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө Газраас хувийн орон сууцны конторуудад шалгалт хийсэн билээ. Уг шалгалтыг иргэдээс ирсэн гомдлын дагуу шалгасан бөгөөд зарим конторууд ус дулаан дамжуулах төвийн зардал, ЦТП зардал, насосны цахилгааны төлбөр нэрээр сар бүр 2000-11000 төгрөгийг айл өрхөөс авч байсан нь тогтоогджээ. Энэ нь Эрчим хүчний тухай хууль болон Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийг зөрчиж байгаа юм. Тиймээс ШӨХТГ-ын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэж Эрчим хүчний зохицуулах хорооноос ус дулаан дамжуулах төвийн зардал, ЦТП зардал, насосны цахилгаан зэрэг хууль бус төлбөр айл өрхөөс авахгүй байхыг орон сууцны нийт 45 конторт мэдэгдсэн байна.

ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан орон сууцны 4 контор албан шаардлагынх нь дагуу хууль бус төлбөр авахаа зогсоосныг мэдээлж байсан. Харин 1730 өрх бүхий Богд-Ар хорооллын "Богд асар” ХХК-ийн хувьд зөрчлөө таслан зогсоохгүй, үргэлжлүүлсээр байсан тул ШӨХТГ-аас үзэж хуулийн байгууллагад хандахаа мэдэгдээд байсан билээ. Тус компани нь дээрх өрхүүдээс сар бүр ус, дулаан дамжуулах төвийн зардал нэрээр 6000 төгрөг авч байсныг иргэдийг хууран мэхлэх, төөрөгдүүлэх замаар их хэмжээний мөнгө татсан, энэ нь гэмт хэргийн шинжтэй хэмээн ШӨХТГ-аас үзсэн юм. Тэгвэл “Богд асар” ХХК-аас дээрх төлбөр хураах үйлдлээ зогсоосноо ШӨХТГ-т мэдэгджээ.

Түүнчлэн “Таун комфорт” ХХК Баянгол дүүргийн 3998 айл өрхөөс сар бүр насос цахилгааны зардал нэрээр 5150 төгрөг хууль бусаар авч байсныг тогтоосон ба уг компанид ШӨХТГ-аас албан шаардлага хүргүүлсний дагуу дээрх төлбөрийг зогсоосноо мэдэгдээд байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ