Паркийн газрыг дуудлагаар худалдсан бол ...

Газар бол улсын үндэс гэдэг утгаараа үнэ цэнэтэй. Дуудлага худалдаа бол зах зээлийн хамгийн зөв голдирол. Үүнийг хотын захиргаанаас дэмжин хэрэгжүүлж байгаа нь сайшаалтай. Тодруулбал, хотын А бүсэд байрлалтай 2698 ам дөрвөлжин эзэмшил газартай Улаанбаатар таймс сонины хэвлэх үйлвэрийн барилгыг дуудлага худалдаанд оруулсан билээ. Энэхүү газрыг Абдул Карим гэгч эрхэм 24 тэрбум төгрөгөөр худалдан авсан. Ийнхүү нийслэлд 24 тэрбум төгрөгийн орлого орж, газрыг авсан эрхэм нийслэлийн Ерөнхийн төлөвлөгөөний газрын хяналтан дор нийслэлийн үзэмжид өнгө нэмэхүйц цамхаг босгоно гэдгээ мэдэгдсэн. Түүний тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр янз бүрээр л бичиж байна.

Бидэнд дуудлага худалдаагаар газар авч улсын эдийн засагт тодорхой хэмжээний орлого оруулсан эрхмийн тухай хэлэлцэх нь гол бус, газрын наймаачдын гарыг хүндрүүлээд л авчихсан гэх хардлагыг нийгэмд төрүүлдэг олон олон газруудыг дуудлага худалдаанд оруулсан бол манай улсын эдийн засагт хэр хэмжээний нэмэр болох байсныг эргэцүүлэх нь чухал. Жишээ нь, анх 45 объекттой, нийт 35 га газар бүхий хүүхдийн парк байгуулагдсанаас одоогоор 4.5 га нь зориулалтаараа ашиглагдаж байна. Паркын газрыг бусдад эзэмшүүлэх эхлэл 1998 оноос тавигдсан байдаг. Одоогийн байдлаар паркын газраас “Мон Уран” компани 1 га, “MCS Hotel” групп 3 га, “Сөүл” групп, “МАК” компани тодорхой хэмжээний газар эзэмшдэг бол “Бодь” групп газрын 76 хувийг эзэмшдэг аж. Өөрөөр хэлбэл, одоогийн паркыг “Бодь” группийн “Үндэсний соёл амралтын хүрээлэн” ХХК нь бүтээн байгуулжээ.

Хүүхэд залуучуудын гэх тодотголтой цор ганц соёл амралтын хүрээлэнгээс га га газраар нь хумсалж, хувьдаа шахам орд харш босгосон эрхмүүдийн газрыг дуудлага худалдаанд оруулсан бол улсад хэчнээн төгрөг орох байсан бол? Хүүхдийн парктай ижил хувь заяатай бусад газрууд ч мөн улсын эдийн засагт хэр дэм болох байсныг эрхэм та тунгаана буй за.

Хэвлэх үйлдвэрийн багахан газар 24 тэрбум төгрөг хүрч байхад паркийн газар хэд хүрэх байсан бол...

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ