Хүнсний сав баглаа боодлын талаар хэлэлцэж, зөвлөмж гаргалаа

“Хүнсний сав баглаа боодлын аюулгүй байдал, тулгамдаж буй асуудал, хүний эрүүл мэндэд нөлөөлж буй нөлөөлөл, шийдвэрлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлэг болов. Энэхүү хэлэлцүүлгийг ХХААЯ, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо, Нийгмийн бодлого боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хороо, мэргэжлийн болон төрийн бус байгууллага хамтран зохион байгуулсан юм.
ХХАА-н сайд Р.Бурмаа “Хүнсний бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуйг хангах бодлогын хүрээнд хүнсний сав, баглаа боодлын үйлдвэрлэлийг төрөөс дэмжих “Хөх сав”-ыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэл болон импортын бүтээгдэхүүний асуудалд онцгой анхаарч, өндөр хөгжилтэй орнуудын сав баглааны техникийн ерөнхий шаардлага, стандартыг нутагшуулах, ногоон худалдан авалт, ногоон шошгололт, ногоон хөгжил зэргээр ногоон хөгжлийн үзэл баримтлалыг нэвтрүүлэх, хэрэглэгчдийн сонголтод нөлөөлж хуванцар савны хэрэглээг халах зэрэг асуудлаар хэлэлцэж зөвлөмж гаргахаар энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа” гэдгийг онцоллоо.
Манай улсын хувьд сүүлийн 20 гаруй жилд хүнсний сав, баглаа боодлын асуудал нь зах зээлийн эрэлт нийлүүлэлтээр зохицуулагдаж ирсэн. Түүнчлэн эрүүл ахуй, ариун цэврийг сайжруулах, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах импортын болон дотоодын үйлдвэрийн сав баглаа боодол, түүхий эдийн аюулгүй байдал, эрх зүйн зохицуулалт үгүйлэгдэж байгааг эрдэмтэн судлаачид, салбарын мэргэжилтнүүд илтгэлдээ дурьдсан юм.
Хэлэлцүүлгийн дараагаар импортын болон дотоодын сав баглаа боодлын аюулгүй байдлыг хангах, эрх зүйн орчныг боловсронгүй болгох. Мөн 2015 онд ХХАА-н сайдын баталсан “Хүнсний аюулгүй сав” дэд хөтөлбөр дээр суурилан Үндэсний хөтөлбөр боловсруулах батлуулах. Сав баглаа боодлын дотоодын байгальд ээлтэй, уламжлалт ЖДҮ-ийн үйлдвэрлэл, хэрэглээг дэмжих зэрэг хэд хэдэн чухал зөвлөмж гаргалаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ