Юун боом, цаана чинь галзуу

-Галзуугийн вакцингүй Монголд галзуурвал өнгөрөө-

Огт эдгэдэггүй орчлонгийн ганц өвчин галзуу юм. Хорт хавдар, ДОХ хажууд нь эдгэнэ шүү. Галзуурвал 100 хувь үхнэ. Хорвоод 100 хүртэл хувилагдах юм байдаггүй гэх ч, галзуу л хүргэдэг билээ. Гоц халдварт өвчний нэг болох эл эмгэгийг монголчууд нэг их тоодоггүй юм шиг. Манайд тэр бүр гардаггүй болохоор тэр биз ээ. Тэгээд ч манайхан галзууг сайн мэддэггүй. Ухаан солиотой хүнтэй хольж, хутгадаг нь хачин.

Орилж хашгирсан, цамнаж дэвхэцсэн нэгийг хараад галзуу юм уу даа гэдэг. Бидний ойлголт ердөө энэ. Тэгвэл галзуу гэж ямар өвчин болохыг товч дурдая. Вирусаар үүсдэг юм. Галзуурсан хүнд хоёр шинж илэрч үхэлд хүргэдэг. Нэгд, гэрлээс учиргүй айж, харанхуйг бараадна.

Аймшгийн юм үзсэн мэт гэрлээс дайжина гэсэн үг. Хоёрт, залгиур хоолой нь саажиснаас унд уух чадваргүй болж үндсэндээ ангаж үхдэг билээ. Тиймээс Сэтгэцийн бус Халдвартын эмнэлэгт хүргэгддэг учиртай. Тэнд очоод ч хэмэргүй дээ.

Бурхны оронд амгалан морилуулах төдий л арга хэмжээ авна. Өөрөөр яаж ч чадахгүй. Ер нь XXI зуунд хүрч ирсэн эмчилгээгүй цорын ганц эмгэг гэхэд болно. Хэрэв өвдвөл шүү дээ. Харин урьдчилан сэргийлэх, хамгаалах мөн цорын ганц аргатай. Тэр нь вакцин. Тэр тухай өгүүлэх гээд байна. Одоо үүсгэгчийг нь тайлбарлая. Галзуугийн вирус тээгчид чоно, нохой, үнэг мэт араатан амьтад ордог. Тэдэнд хазуулбал дуусах нь тэр. Манайд тийм амьтад бишгүй.

Галзуу чоно, үнэг, нохой мал, хүн ноцсон тухай мэдээ үе үе гардаг даа. Тиймээс манайхыг галзуугийн голомттой орны тоонд оруулдаг. Тэгэх ч ётой. Галзуу байж болзошгүй амьтдыг тэр дор нь намнаад, Гоц халдвартын эмч, мэргэжилтнүүдийн хяналт дор устгах ёстой. Хазуулж, ноцуулсан хүнд шууд вакцин тарьж, амь насыг нь авардаг.

Ер нь нохой, чоно мэтэд ноцуулсан хүн бүрт тарих журамтай. Бүр хууль ч буй. Хэрэв таны нохой хэн нэгийг хазах буюу ноцвол вакцины мөнгийг та гаргана. Ямар ч тайлбаргүйгээр шүү. Чингэлтэй дүүргийн иргэн Б гэх эмэгтэй баруун бугалгаа нохойд хазуулчихаад саяхан дүүргийнхээ эмнэлэгт очиход вакцин тасарсан гээд буцаажээ.

Сүхбаатар дүүргийн эмнэлэгт хандтал мөн адил хариу хэлжээ. Ийм хариуцлагагүй юм гэж байх уу. “Галзуугийн вакцингүй Монголд галзуурвал өнгөрөө” гэхээс өөрийг хэлэх үг олдсонгүй. Хотын хаяанд боом гарлаа гээд шуугицгааж байна. Боом яах вэ, цаана чинь галзуу.

Г.Мөнх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ