Элэгний эмийг авчирсан гавъяа хэнийх вэ?

Элэгний Harvoni эмийг монголд оруулж ирэх санаачлагыг анх НИТХ-ын төлөөлөгч Ж.Амарсанаа дэд сайд байх үедээ гаргаж, өнгөрсөн жилийн тавдугаар сараас хөөцөлдөж эхэлсэн. Бүртгэлийн ажил болон зөвшөөрөл авах хугацаа иргэдийг удаан хугацаанд хүлээлгэсэн ч өнөөдөр ажил хэрэг болон үргэлжилж байгаад баяртай байна.

Тухайн үед Эрүүл мэндийн дэд сайд байсан Ж.Амарсанаагийн урилгаар элэгний С вирусийн шинэ эм бүтээсэн “Gilead Sciences” компанийн төлөөлөгч нар Монгол улсад өнгөрсөн оны зургаадугаар сард өөрсдөө ирж уулзаж байсан юм. Ерөнхийдөө, Дэд сайдын АНУ-д хийсэн айлчлалын хүрээнд хепатит вирусийн эсрэг эм, эмчилгээг манайд хямд үнээр нийлүүлэх давамгай эрх олгосон нь Ж.Амарсанаагийн гавъяа гэдэгтэй хэн маргах билээ.

Гэтэл тэр үед буюу Н.Удвал Эрүүл мэндийн сайд байхдаа “Бид тооцоо судалгаа хийсэн. Жилдээ 15 мянган хүнийг хамруулахад улсын төсвөөс160 тэрбум төгрөг зарцуулах юм билээ. Эмийг бүртгэх эсэхийг яамхэлэлцээдсайн судлах шаардлагатай гэж үзэн буцаасан” хэмээн мэдэгдэж үндсэндээ бүртгэл, зөвшөөрлийн ажил удааширсаар байв. Н.Удвал дээр удсан шүү. Тэрээр Ж.Амарсанааг уг эмийг илүү үнээр худалдаалах гэж байна хэмээн олонд зарлаж нэлээд асуудал үүсгэсэн. Харин эцэст нь энэ асуудлаар Ж.Амарсанаа нэр төрд халдсан хэмээн шүүхэд хандсан байдаг. Ийнхүү өнгөрсөн сарын сүүлчээр Н.Удвал түүнийг гүтгэсэн гэсэн шүүхийн дүгнэлт гарчээ.

Ард түмний эрүүл мэндийн төлөөх энэхүү үйл хэрэгт мэдээж Г.Шийлэгдамбын оруулсан хувь нэмэр их ээ.

ЭМС-ын сайд асан Г.Шийлэгдамбыг АТГ-аас авлига авсан хэрэгт сэжигтнээр татан, мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлээд сар гаруй хугацаа өнгөрч байна.Энэ хугацаанд түүний биеийн байдал муудаж, одоо Шастины нэрэмжит III эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа талаар мэдээлсэн билээ. Энд бид түүнд холбогдох хэргийн талаар хэлэлцэх гээгүй гэдгийг цохон тэмдэглэе.

Ж.Амарсанаагийн ард түмнээ “элэг бүтэн” байлгах үйл хэргийг Г.Шийлэгдамба амжилттай үргэлжлүүлж чадсан гэдгийг дурьдахгүй өнгөрч болохгүй юм. Тэрээр Хепатитийн С вирүст халдварын илрүүлэг, оношилгоо, эмчилгээний зааврыг 2015 оны 196 дугаар тушаалаар баталж, "Харвони"эмийг энэ оны тавдугаар сард Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэсэн. Тус эмийг Монгол Улсад хүртээмж хөтөлбөрийн хүрээнд нийлүүлэх “Санамж бичиг”-ийг мөн энэ оны зургадугаар сард үзэглэсэн юм. Түүнчлэн Харвони эмээр явагдах эмчилгээ, үйлчилгээний асуудлаар журам гаргасан. Ийнхүү бид эцэст нь элэг эмтрэхийн зовлонгоос ангижрах боломжийг хүртэж эхэлсэн.

Энэ жил 1600 хүнийг, ирэх онд 6400 хүнийг эмчилгээнд хамруулах аж. Нэг хүний курс эмний мөнгө 1200 ам. доллар бол ирэх жилд Монголын ард түмэн 7,680,000 доллар буюу 15 тэрбум 360 сая төгрөгийг С вирусийн эмэнд зориулах юм. Элэг бүтэн байвал л болоо гэж иргэд байдгаа барихад бэлэн ч гэлээ эмчилгээний ядаж 30 хувийг эрүүл мэндийн даатгалаас гаргах хэрэгтэй гэжЖ.Амарсанаа үзэж байна. Үүнийг хэрэгжүүлэхийн төлөө ч явах бололтой. Уг 30 хувь нь 4 тэрбум 608 сая төгрөг болж байгаа юм.

Эрүүл мэндийн даатгал төлдөг иргэн бүр нэг жилд 1 800 мянган төгрөгийн эмнэлгийн үйлчилгээ авах эрхтэй байдаг. Энэ хөнгөлөлтөд 130 гаруй нэрийн 300 гаруй төрлийн эмийн үнийг 5-94 хувиар хөнгөлж авах боломж байдаг аж.

Ямартай ч эрүүл мэндийн хөнгөлөлтөд “Харвони” эмийг оруулах талаар судалж байгаа гэх тайлбарыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас өгч байгаа юм.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ