Д.Сүхжаргалмаа: Шүүхийн шийдвэр бидний талд гарсан ч гунигтай байна

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн 2013 оны долдугаар сарын 15-ны хуралдаанаар Сүхбаатарын талбайг Чингисийн талбай болгон нэрийдэх шийдвэр гаргасан. Тухайн үед НИТХ дахь МАН-ын бүлгийн тэргүүлэгчид эсэргүүцэж байсан боловч олонхийн саналаар дэмжсэн байдаг.

Иймээс Д.Сүхбаатар жанжины зээнцэр З.Хайдар шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Энэхүү асуудлыг өчигдөр анхан шатны шүүхээр хэлэлцэж, Сүхбаатарын талбайг Чингисийн талбай болгож нэрлэсэн нь буруу гэсэн шийдвэрийг гаргажээ. Ингэснээр Чингисийн талбай гэж нэрлэсэн захирамжийг хүчингүй болгоно гэсэн үг.

Ингээд шүүхийн шийдвэртэй холбогдуулж жанжин Д.Сүхбаатарын гуч охин Д.Сүхжаргалмаатай цөөн хором ярилцлаа.

-Анхан шатны шүүхийн шийдвэр танай талд гарчээ. Сүхбаатарын талбай нэрээрээ үлдэнэ гэдэг сайхан санагдаж байна?

-Хүн ёснынхоо хувьд баярлаж байгаа ч нөгөө талаараа жаахан гунигтай байгаа. Хэдийгээр Дамдины Сүхбаатар гэж хувь хүний нэртэй холбоотой ч энэ талбай, хөшөө бол хэдэн үеийн монголчуудын аж амьдрал, зовлон жаргал, тэмүүлэл, мөрөөдөл, алдсан оносон амьдралтай нь салшгүй холбоотой байж ирсэн. Энэ түүхийг бүтээлцсэн монголчууд өнөөдөр амьд сэрүүн байгаа. Тэгэхээр тэдний алдар гавьяаг сэргээсэн үйлдэл боллоо гэж баярлаж байгаа юмаа. Яагаад жаахан гуниг төрөөд байна вэ гэхээр анхнаасаа нэр өөрчлөх асуудал гарах ёсгүй байсан юм.

Төрт улс байна гэдэг үүх түүхтэй байхын асуудал. Түүхээ үгүйсгэж, нэр өөрчилж, түүхээ авч явна гэдэг бол ерөөсөө явуургүй хэрэг. Шинэчлэлийн Засгийн газар, Шийдлийн Засгийн газар гээд нэр сольж түүх бүтээж байна. Тэгж түүх бүтээдэггүй юмаа, дархлагдсан түүхийг усгаж байгаа нэг хэлбэр шүү дээ. Үйл хэргийг нь үргэлжүүлж, хийсэн бүтээсэн үйл хэргээр нь улсаа авч явах ёстой байтал улсаа дампууруулах үйл хийж, түүхээрээ оролдож тоглох нь буруу юмаа гэдгийг л эрх баригчид ойлгоосой билээ.

Тухайлбал, Эзэн Чингис хаанаа монголчууд хэзээ ч мартахгүй. Хэнтий аймгийн нийслэлийг Өндөрхаан гэж байгаад Чингис хот болгосон. Угтаа Өндөрхаан гээд Эзэн Чингис хаанаа нэрлэж хүндэлж байсан илэрхийлэл. Тэрнийг өөрчлөөд монгол биш ёсоор буюу нэрээр нь дуудах болсныг манайхан цээрлэх ёстой шүү дээ. Өндөрхаанаараа л байх ёстой. Манай түүхэнд ганцхан өндөрхаан байсан.

-Та бүхний зүгээс нэрийг нь буцааж сэргээх талаар шүүхэд хандсан гэлүү?

-Тийм. Манай хүү хүсэлт гаргасан. Нэг зүйлийг нэмж хэлэхэд улстөрийн тэмцэл явагдсан нь үнэн. Нэгэнт 90 жилийн туршид төрийн эрхийг ганцаараа барьсан МАХН дараа нь МАН гэж хуучин нэрээ сэргээсэн. Тэр намтай энэ хүний нэр холбоотой болохоор ерөнхийдөө бэлгэдлийг нь үгүй болгочихвол бас намыг нь унагаачих юмуу гэсэн явцгүй бодол байгаа юм шиг санагдаад байдаг. Нам хоорондын тэмцэлд манай түүх өртөж байна. Үе үеийн монголчуудын ажил амьдралын түүх өртөж, үгүй болж устаж байгаад харамсдаг. Нам бол хэзээ ч төрийн дээр байгаагүй, байхгүй ч үгүй. Эрхэм төрөө авч явах үүрэгтэй болохоос түүхийг нь устгаж баллах учиргүй юмаа. Манай улс жинхэнэ төрт ёс, хууль цаазат ёстой улс юмаа гэвэл өөрсдийнхөө ард түмний үе үеийн баатаруудыг өргөмжилж, авах сонсох ёстой сургамжаа сонсч аваад, түүхийг дахиж давтахгүй байх ёстой. Түүхээ үгүйсгэвэл Монгол Улс байгаад яах юм бэ.

-Шүүхийн шийдвэр яг юу гэж гарсан бэ. Хэзээ тогтоолоо гардаж авах уу?

-Хууль дэг журам зөрчсөн байна. Нэр өөрчилсөн шийдвэр бол хүчингүй гэж тооцсон. Шүүхийн шийдвэрийг гар дээрээ хараахан аваагүй байна. Түүнийгээ авснаас хойш 14 хоногийн хугацаанд нөгөө тал давж заалдах эрхтэй юм билээ. Өнөөгийн байдлаар анхан шатны шүүхийн шийдвэр ямар ч байсан бидний талд гарлаа.

-Дараагийн шатны шүүхэд ялалт байгуулна гэдэгтээ итгэлтэй байна уу?

-Шүүх засаглал ямар шийдвэр гаргах вэ гэдгээс их зүйл хамаарна. Өчигдөр шүүх хуралд анх удаа гэрчээр оролцож үзлээ. Манай хүү гадаад руу ажлаар явсан болохоор итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хамт оролцсон. Шүүгчид их төлөв төвшин хандаж байсанд баярласан. Хууль эрхзүйн талаасаа зөв шийдвэр гаргалаа. Манайд шүүх засаглалыг янз бүрээр хэлж бичдэг ч гэсэн яг ийм тохиолдолд шударга шүүх байгаа юмуу даа гэсэн дүр төрхийг гурван шүүгч харуулж чадсан.

-Нэр өөрчлөх шийдвэр гаргасан Нийслэлээс давж заалдана гэдгээ мэдэгдсэн үү?

-Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал хариуцагчаар оролцсон бөгөөд давж заалдана гэдгээ мэдэгдээгүй. Шүүхийн шийдвэрийг сонсоод гарсан. Шүүхийн шийдвэрийн тогтоолоо авснаас хойш 14 хоногийн дараа давж заалдах эрх нь тэдэнд нээлттэй бий.

О.Сайхан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ