Парк хүүхдийн хүслэн болсон газар мөн үү

Үндэсний соёл амралтийн хүрээлэн буюу олны нэрлэж заншсанаар “Хүүхдийн парк”тойрсон асуудлууд сүүлийн үед ар араасаа ундарсаар... Тэр дундаа газрын маргаан, таван одтой хоёр зочид буудал барих болсон нь асуудлыг бүр ч хурцатгаж буй. Хэрэв энэ нь үнэн бол хүүхэд багачуудын очихыг хүсдэг ганц газар нь зугаа цэнгээнийх болох нь ээ. Байгаа хэдэн тоглоомнууд нь тэнгэрт хадсан үнэтэйгээс гадна, орохдоо хүртэл мөнгө төлөх нь арай л хэтэрсэн санагдана. Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр болохтой холбогдуулж, хямдрал урамшуулал зарлах нь байтугай, одоогийн үнээр үйлчилнэ хэмээн удирдлагууд нь ярьж байна. Нийтдээ 14 тоглоомтой, зарим нь ашиглалтад хэзээ орох нь тодорхойгүй, ашиглагдаж буй хэд нь хүчин чадал тааруухан гэх. Бас ч гэж засвар хийж,хүн явахад цэвэрхэн болсон нь сайшаалтай хэдий ч, иргэдийн талаас илүү хувь амжиргааны түвшин доогуур, хоолныхоо мөнгийг олж чадахтай, үгүй хүмүүс 20 мянган төгрөг гаргаад, хүүхдээ тоглуулах нь юу л бол. Хүүхдийн тулд биш, ашгийн төлөө болсон энэ байгууллагыг холбогдох байгууллага, албан тушаалтнууд нэг тийш болгож,хүүхдийн тодотголтой ганц газрыг тэдэнд үлдээвэл буян болмоор санагдана. Парк хүүхдийн хүслэн болсон газар мөн үү гэхэд эргэлзэхээр болжээ.

П.Нандинчимэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ