"Н.Энхбаярын Шадар сайд болох хүсэлтийг АН дэмжсэн"

МАХН-ын дарга Н.Энхбаярыг Шадар сайдаар томилох, Р.Амаржаргал гишүүний мэдэгдэл, Сонгуулийн болон Улстөрийн намын тухай хуулийн өөрчлөлт зэрэг цаг үеийн асуудлаар АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяртай ярилцлаа.

-Улс төрийн намуудын төлөөлөл Ерөнхийлөгчөөс өргөн барьсан улстөрийн намуудын тухай хуулийг хэлэлцсэний дараа Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэхээр АН-ыхан төлөвлөж байна гэх мэдээллийг өчигдөр хийсэн. АН-аас ийм тохироо хийсэн юм уу?

-Улстөрийн намуудын тухай хуулийг Ерөнхийлөгч санаачилсан. Энэхүү хуулинд зарим нэг хийхээс өөр гарцаагүй өөрчлөлтүүд бол байна гэж үзсэн. Тухайлбал улстөрийн намуудын санхүүжилтийг ил тод болгох, хариуцлагыг ил тод болгох, өмч хөрөнгийн асуудлыг ил тод байх ёстой гэх чиглэл бүхий хууль Ерөнхийлөгчөөс өргөн баригдаад явж байна. Сонгуулийн тухай хуулийн тухайд бол аль аль нам зөвшилцөх шатанд явж байна. МАН тэргүүтэй намууд хар машиныг булхай, худал хуурмаг дүн гаргаж сонгуулийг луйварддаг гэж мэдээлж байна. Харин манай намын зүгээс саналыг хар машинаар тоолоод өнгөрсөн хугацаанд яг булхайтай, булхайцсан гэх баримтаа аваад ирээ л гэж байгаа юм. Яг тэгж булхайг нь нотолсон зүйл байхгүй шүү дээ. Харин ч 2008 оны сонгуулиар маш олон булхай, луйвар гарч үүний үр дүнд тухайн үед долдугаар сарын 1-нд юу боллоо. Бүгд үүнийг санаж байгаа. Тиймээс бид гар тооллогоор асуудлыг шийдэж болохгүй, хар машинаар тоолох ёстой гэж үзэж байгаа юм. Мөн иргэдийн саналыг хар машин, гар тооллогыг хамт явуулж болно гэж үзэж байгаа юм. Сонгуулийн тойргийн хороодод ажиллах хүмүүсийг МАН-ынхан дандаа улстөрийн намын гишүүдээр тойргийн хороог бүрдүүлье гэсэн. Намын гишүүд нь төрийн албан хаагч биш тул намын өмнө ямар ч хариуцлага хүлээхгүй. Өмнөх 2012 онд болсон шиг төрийн албан хаагчдаар сонгуулийн тойргийн хороодыг бүрдүүлэх нь зөв. Эд нар дараа нь хариуцлагаа хүлээгээд явна гэдгийг хэлмээр байна.

-Үлдсэн хориодхон хоногийг хугацаанд Сонгуулийн тухай хуулийг баталж амжих болов уу?

-Сонгуулийн тухай хуулинд намууд зарим нэг тохиролцоог хийвэл дорхноо л батална шүү дээ. Одоо бас ч 20 хоног байна. Яг баталъя гээд зүтгэвэл долоо хоногийн л асуудал. Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах асуудал дээр жил гаруйн хугацаанд бүх нам ажилласан. Ганц нэг асуудал дээр л санал нийлэхгүй байгаа болохоос ерөнхийдөө бол болж байгаа шүү дээ.

-Энэ сард танай намын ҮЗХ хуралдана гэсэн мэдээлэл байна. Үнэн бол ямар асуудлаар хуралдах вэ?

-Би мэдээгүй ш дээ./инээв/ Одоохондоо энэ асуудал шийдэгдээгүй байна.

-Сонгуулийн сурталчилгаа эхэлсэн байна. Өнгөрсөн долоо хоногт хотын төвийн томоохон самбаруудад “Хэний гавьяа вэ” тодотголтой сурталчилгаа, ухуулгыг АН-ынхан хийсэн. Энэ ажилд 200 сая төгрөг зарцуулсан гэх юм?

-Хэний гавьяа вэ гэдэг асуултын хариулт гарчихсан байгаа биз дээ. Тэр асуултын агуулгатай нь хэн ч маргалдахгүй гэж бодож байна. Гудамж төсөл хэрэгжсэн үү хэрэгжсэн, найман хувийн зээл хэрэгжсэн үү хэрэгжсэн, ТҮЦ машин хэрэгжсэн үү хэрэгжсэн, долоон аймагт засмал зам тавьсан уу тавьсан. Хэн үүнтэй маргах юм бэ. Зарим хүмүүс энэ асуудлыг мушгиж, сонгосчдыг доромжилж байна гэж мушгиж байна. Гэхдээ үүнтэй маргах асуудал байхгүй.

-УИХ-ын гишүүн Р.Амаржаргал АН-ыг нам биш компани боллоо гэж мэдэгдсэн нь олны анхаарлыг багагүй татлаа. Үүнд намын удирдлагын хувьд байр сууриа илэрхийлнэ үү?

-Компанийн хэмжээнд очсон асуудал байхгүй шүү дээ. Бид нэг талдаа 25 жилийн хугацаанд ард түмэндээ хандаж үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, сонгох, сонгогдох эрхийг олгосон. Үүний л үр дагавар байх. Энэ бол нэг хүний хувийн бодол. Үүнд Р.Амаржаргал намын ҮЗХ, УИХ-ын гишүүний хувьд багийн тоглолтыг эрхэм болгох ёстой гэж бодож байна. Хувийн тоглолт хийж болно, гэхдээ хэмжээ хязгаар байх ёстой гэдгийг анхааруулмаар байна. Асуудалд хариуцлагатай хандах гэхдээ өөрийнхөөрөө ярьдаг хүмүүс байдаг. Тэрний нэг нь Р.Амаржаргал бололтой.

-Р.Амаржаргал гишүүн хувийн тоглолт хийж байгаа нь нөгөө талдаа танай намд анхаарах ёстой асуудлууд байгаа гэсэн үг гэж цөөнгүй хүн харж байна?

-Тийм зүйл байхгүй.

-Намын зүгээс Р.Амаржаргал гишүүнд хариуцлага тооцох тухай яриа гарсан гэж үнэн үү?

-Манай намын дүрмэнд намын нэр дэвшигчийн эсрэг нэр дэвшсэн бол хөөх арга хэмжээ авдаг. Өөрөөр хариуцлагын тогтолцоо байхгүй. Бидэнд хариуцлага тооцох ямар бололцоо байна вэ гэвэл намаас нэр дэвшүүлэх асуудал дээр анхаарах зүйл байж болох юм гэж ярилцсан. Р.Амаржаргал бол хувийн үзэл бодлоо илэрхийлсэн. Тэрнээс намын гаргасан шийдвэр дээр эсрэг шийдвэр гаргаагүй тул одоо энэ хүнтэй хариуцлага ярих боломжгүй.

-Ш.Түвдэндорж гишүүнийг бүлгийн дэд даргаар эргэн томилсон байсан.

-Ш.Түвдэндорж гэмээ ухаарч хүсэлтээ гаргасан. Бид боломж олгосон.

-Ирэх 2016 оны сонгуульд АН ИЗНН-тай хамтран оролцох тухай яригдаж байсан. Гэтэл ИЗНН-ынхан нэгдэхгүй гэдгээ мэдэгдсэн байна.

-Ардчиллын төлөөх намууд нэгдэж, нийлэхэд болохгүй зүйл байхгүй. Харин ч нэгдэх нь сайн үйл явц гэж харж байна. Гэхдээ нэгдэх эсэхийг тухайн намууд шийдэх байх. ИЗНН-ын зарим нь нэгдэх нь зөв зарим нь нэгдэхийг эсэргүүцэж байгаа гэж сонссон. Манай намд тус намаас санал хараахан тавиагүй байгаа. Бусад намууд манайхтай нэгдсэн тохиолдолд тухайн намд олгох тухай квотыг тодорхой болгож өгөх асуудал дээр ярилцаж байна.

-МАН МАХН нэгдэх тухай асуудал танай намынханд хир “айдас” төрүүлж байна вэ?

-Намуудын зовлон байгаа л байх. Сонгуулийн дараа суудлаа хувиарлах маргаан гардаг юм даа. Манай намд ч энэ асуудал тулгарч л байсан. Бид Эх орон намтай эвсэж Эх орон эвсэл, 1996 онд Ардчилсан холбоо эвсэл байгуулж байсан. Эвсэл гэдгийн зовлонг бид нар хоёр гурван сонгууль дараалаад үзчихсэн. Хагарсан чулууг буцааж эвлүүлж болдоггүй гэдэг шиг МАН МАХН нэгдэхэд ямар нэгэн цав гарах л байх. Тэр цавыг яаж бүтэн болгох вэ гэдэг нь нэг намын юм уу намын даргын санаагаар болдог ч зүйл биш дээ.

-Засгийн газарт нэг сайдын суудал эзгүй байна. Эрүүл мэнд спортын сайдад АН-ынхан өөрийнхөө хүнийг томилох гэж байна гэх асуудал байна.

-Манай намаас сайдын суудлын араас хөөцөлдөөд байгаа зүйл байхгүй. Харин сая тэтгэвэрт гарсан Л.Жамбалжавтай хамтарч ажиллах боломжгүй гэдгээ Ерөнхий сайд илэрхийлсэн байна лээ. Боломжтой хүнээ оруулаад ир л гэсэн шүү дээ.

-Шадар сайдад МАХН-ын дарга Н.Энхбаярыг томилох асуудал яригдсан гэж үнэн үү?

-МАХН-ынхан тийм санал тавьсан.

-УИХ дахь АН-ын бүлгийн хурлаар Н.Энхбаярыг Шадар сайд болгох саналыг дэмжсэн гэж эх сурвалж хэлсэн.

-Бүлгийн хурал дээр энэ асуудлыг ярилцсан. МАХН-ын өөрсдийнх нь саналыг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзсэн. Энэ бол Засгийн газрын шийдэх асуудал.

-Бүлгийн гишүүд Н.Энхбаярыг Шадар сайд болгохыг дэмжсэн гэсэн үг үү?

-Тэгж ойлгож болно.

Д.ЖАРГАЛ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ