“Найрамдал” сургуулийн монгол хүнийг хөнөөсөн хятад сурагч хичээлдээ явж байна
Энэ сургуулийг Монгол-Хятадын хамтарсан сургууль гэдэг ч үнэндээ Монгол дахь хятад иргэдийн хүүхдүүдийг сургадаг. Анх 1964 онд байгуулагдахдаа ч ийм зорилготой байсан. Тухайн үед ердөө гурвахан багш 60 сурагчтай нээгдэж байсан бол өдгөө 40 гаруй багш 500 сурагчтай, шавар тагзан байшин нь хоёр давхар барилга болжээ. Сургуулийн гол ивээн тэтгэгч нь хятад цагаачдын нийгэмлэг гэдэг. Найрамдал сургуульд бодвол хятад хэл соёл заадаг биз.
Тус сургуулийн 11а ангийн сурагч, 16 настай Жян И Вэн буюу Баярсайхан гэдэг монгол нэртэй тэрээр өнгөрсөн хавар архидан согтуурах явцдаа М.Б гэдэг монгол залууг 0.75-ын архины шилээр цохиж хөнөөсөн нь тогтоогдсон. Гэтэл өдгөө энэ сурагч зүв зүгээр хичээлдээ явж байгаа гэнэ. Түүнийг “Найрамдал” сургууль, Монголд суурин амьдардаг гэр бүл нь батлан дааж авчээ. Хэрвээ монгол хүн ийм хэрэг үйлдсэн бол өдийд хаана байх нь ойлгомжтой.
Хохирогч нь Өмнөговьд нүүрс тээвэрэлэдэг “Жи Жи Эл” гэдэг компанийн жолооч залуу байжээ. “Хусхан” буудалд тэд 0.5, 0.75-ын архи ууцгаажээ. Гэрч нарын өгүүлснээр хятад хүү “алалцвал алалцана” гээд 0.75-ын архины лонхоор талийгаачийн баруун чихний тушаа цохисон гэнэ. Цохиулсан залуу оройн 19 цаг хүртэл ухаан орсонгүй. Сахиж үлдсэн нэг нь бусдыгаа дуудаж 103 луу ярьж зөвлөгөө аваад цээж болон нурууг нь хүйтэн усаар шүршиж цацжээ. Гэсэн ч ухаан ороогүй тул түргэн дууджээ.
Энэ хэргийн гайхалтай зүйл нь ухаан санаа эрүүл гээд Монгол-Хятадын “Найрамдал” сургуульд сурдаг хятад хүү хүн алсан хойноо хэрэг хариуцах чадваргүй, багаасаа унаж татдаг өвчнөөр өвчилж байсан болоод явчихжээ. Үүнийг нотолсон Бээжин хотын Тяньтан эмнэлгийн үзлэг шинжилгээний дүгнэлт ч ирж. Өдгөө Жян И Вэн хичээлдээ явж байгааг манай сайт сургуулиас нь тодруулсан болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ