Г.Ариунбуян: Гамшиг ослын үед ЗХЖШ-аас нисдэг тэргийг нь гуйдаг

Манай орны нийт нутгийн 90 гаруй хувь нь цастай байгаа учраас энэ өвөл хүндхэн жил болно гэж малчид яриад байгаа.

Салбар хариуцсан яамнаас нь ч зуд болно гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Тиймээс малчдыг өөрсдөө өвс тэжээлээ хангалттай бэлтгэж чадсан бол өвлийг малыг хоргодолгүй давах боломж байгаа гэдгийг ч холбогдох газруудаас анхааруулж байгаа юм.

Ингээд өвөлжилтийн бэлтгэл болоод өвс тэжээлийн нөөц хэрхэн байгаа талаар Онцгой байдлын Ерөнхий газрын дэд дарга, онцгой байдлын хурандаа Г.Ариунбуянтай ярилцлаа.

-Өнгөрч буй энэ онд гамшиг ослын хэчнээн дуудлага хүлээж авсан бэ?

-Энэ он гарснаар улсын хэмжээнд нийт 5600 гаруй аюулт үзэгдэл болсон байна. Энэ үзэгдэл өнгөрсөн онтой харьцуулахад 20 гаруй хувиар өссөн үзүүлэлттэй.

Гамшиг ослын улмаас 240 гаруй хүн амиа алдаж, 290 гаруй хүн бэртэж, 175 мянган мал хорогдож, 5,8 сая га талбай шатсан. Нийт хохирлын дүнгээр авч үзвэл 52 тэрбум төгрөгийн хохирол учирсан байгаа. Энэ хохирол бол өнгөрсөн үетэй харьцуулахад мөн л 2,2 хувиар өсчээ.

Манай онцгой байдлын алба хаагчид энэ онд 1052 хүнийг гамшиг ослоос аварч, аж ахуй нэгж байгууллага, иргэдийн 23 орчим сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан байна. Манайхаас гамшгаас хамгаалах гамшгийн эрсдлийг бууруулах чиглэлээр гурван том зорилт тавин ажилласан. Ялангуяа хууль эрхзүйн орчинг боловсронгуй болгох чиглэлээр долоон хууль эрх зүйн тогтоол шийдвэрийг УИХ болон Засгийн газраас батлуулсан. Энэ жил гамшгаас урьдчилан сэргийлэх ажил руу нэлээд түлхүү анхаарч ажилласан гэж ойлгож болно. Өмнө нь гамшиг болсон хойно ажил төвлөрч явдаг байсан. Тийм учраас Гамшгаас урьдчилан сэргийлэх газрыг ерөнхий газар дээрээ байгуулсан. Энэ хүрээнд олон ажлыг хийж хэрэгжүүлсэн. Олон нийт рүү хандсан сургалт сурталчилгааны ажлыг ч их хийлээ.

-Өнөөдрийн байдлаар хэчнээн аймгийн хэдэн сумдад өвөлжилт хүндрэх төлөвтэй байна вэ?

-Монгол Улсын Шадар сайдаар ахлуулсан өвөлжилтын бэлтгэл ажлыг хангуулах комисс ажиллаж байгаа. Аймгуудаас ирсэн мэдээллээр бол нийт нутгийн 90 гаруй хувьд цасан бүрхүүл тогтсон. Тэр дундаа 40 гаруй хувьд нь өвөлжилт хүндэрч болзошгүй байна. Үүнтэй холбогдуулж мал сүргийг хүйтний нөлөөлөлөөс аврах мөн өвс тэжээлийн нөөцийг бүрдүүлэх, малын хэвтэр бууцыг хуурай байлгах, зайлшгүй отор нүүдлийг зохион байгуулж байна.

Өнөөдөр гэхэд улсын онцгой байдлын комисс дээр Увс, Баян-Өлгий, Ховд, Булган гэсэн аймгуудын зарим сумдад өвөлжилт хүндэрч болзошгүй тул дэмжлэг туслалцаа үзүүлэхээр ярилцаж байна. Нарийвчилбал, Завхан аймгийн найман сум, Төв аймгийн нэг, Увс аймаг бүхэлдээ, Хөвсгөлийн гурван сум, Сүхбаатар аймгийн ихэнх сум, Архангайн зургаан сум, Хэнтийн зургаан сумдад өвөлжилт хүндрэх төлөвтэй. Цасны хэмжээ 7-22 см зузаантай байгаа.

-Зарим аймгуудад өвөлжилт хүндэрлээ гэхэд яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх түргэн тусламжийн машингүй байна гэсэн мэдээлэл байна?

-Төв, Хэнтий, Булган, Хөвсгөл аймгуудын эмнэлгийн тусламж үйлчилгээний автомашины гүйлтийн норм дууссан тул асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн хүсэлт ирүүлсэн байна. Түргэний машингүй байгаагаас болж өвөлжилт хүндэрсэн тохиолдолд нийгмийн болон эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхэд хүндрэл үүсэх эрсдэлтэй. Өвөлжилт хүндэрч болзошгүйтэй холбогдуулаад иргэд малчдад онцгой байдлын байгууллагаас цаг алдалгүй сэрэмжлүүлэх мэдээ мэдээллийг өгч ажиллаж байгаа. Өөрөөр хэлбэл, зам даваа цасанд боогдож хаагдах, тээвэрчид явж чадахгүй болох нөхцөлөөс урьдчилан сэргийлэх ажлыг хийж байгаа гэсэн үг.

-Нэг аймагт дунджаар хэдэн сая төгрөгийн нөөц бэлтгэж гаргах шаардлагатай байна вэ?

-Өвөлжилтийн хүндрэлийг даван туулахад Засгийн газар, Улсын онцгой комиссын зүгээс нэг аймагт дунджаар 150-200 сая төгрөг нийт 2,5 тэрбум төгрөгийн асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна. Эцсийн шийдвэр хараахан гараагүй.

-Аймаг орон нутгийнхан өөрсдөө өвс тэжээлээ бэлтгэнэ гэж ярьдаг хэрнээ бодит байдал дээр нь яваад очихоор бэлтгэсэн өвс тэжээл хангалтгүй байдаг?

-Засгийн газрын шийдвэрээр орон нутгийн аюулгүй фонд бүрдүүлэх үүрэг даалгавар өгсөн байгаа. Энэ чиглэлээр аймгуудаас ирсэн мэдээллээр 29 мянган тонн өвс бэлтгэхээс одоогийн байдлаар 27 мянган тонн өвс бэлтгэжээ. Бүрдүүлэх ёстой өвсний 78 хувь нь. Тэжээлийн хувьд 11 мянган тонн бэлтгэхээс 3000 тонн бэлтгэж 30 хувийг нь бүрдүүлсэн байдалтай байгаа. Энэ чиглэлээр явж газар дээр нь хийсэн шалгалт байхгүй байна. Хүнс хөдөө аж ахуйн яам болоо бусад холбогдох байгууллагууд анхаарч ажиллаж байгаа байх.

-Улсын нөөцийн бүрдүүлэлт энэ жил хэдэн хувьтай байгаа вэ?

-Энэ жил бүрдүүлэх ёстой батлагдсан зардлын хүрээнд 100 хувь бүрдүүлсэн. Урьдчилсан байдлаар өвөлжилт хүндэрч болзошгүй аймгуудад өвс тэжээлийн нөөцийг сэлгэн байршуулах ажлыг зохион байгуулсан. Улсын нөөцийн хувьд төсөв санхүүжилтын байдлаас хамаараад хүндрэлтэй байна. Энэ жил зайлшгүй бүрдүүлэх ёстой нөөцийн 28-33 хувийг бүрдүүлсэн байгаа.

-Та 20-30 хувийг нь бэлтгэсэн шүү гэж анхааруулж байна. Өөрөөр хэлбэл, малчдыг бэлтгэлээ сайн хангаж базаахгүй бол, улс руу гар харах хэцүү болсон юм байна гэж ойлгож болох уу?

-Тийм. Энэ онд батлагдсан төсвийнхөө хүрээнд 100 хувь бүрдүүлсэн. Тэр нөөцөө өвөлжилт хүндэрч болзошгүй аймгуудад сэлгэн байршуулсан гэдгийг хэлсэн шүү дээ. Хамгийн гол хүндрэлтэй асуудал бол жил жилийн төсөвт өвс тэжээлийн нөөцийг 100 хувь бүрдүүлэхээр санал хүргүүлдэг боловч санхүүгийн бололцоо хүрэлцэхгүйгээс бүрдүүлж чадахгүй байна. Бүрдүүлэх ёстой нөөцийг тоон дүнгээр аваад үзвэл 28-33 хувийг нь бүрдүүлж чадсан байна. Нөөцийн хувьд Монгол Улсын нууцтай холбоотой асуудал болохоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй юм. Бид нарын хувиас бүрдүүлэх нормтой нөөцөө 100 хувь бүрдүүлж, аймгуудад тараасан гэдгийг ойлгоорой.

-Отрын бүс нутагт хэчнээн мал өвөлжих вэ. Бэлчээрийн даац хэр байгаа вэ?

-Энэ талын нарийн мэдээлэл алга. 1,5 сая мал отроор явж байна гэсэн байхаа. Нийт 145 мянган малчид хонин толгойд шилжүүлснээр 98 сая толгой мал өвөлжих тооцоо судалгаа гарсан.

-Зүүн зүгийн аймгууд өвсөө урд хөрш рүү гаргасан гэх мэдээлэл байсан. Үүнийг танайх шалгаж үзсэн үү?

-Тэр талын мэдээлэл байхгүй. Үүнд салбар хариуцсан яам нь мэдэж хариулах байх.

-Малын тэжээл гаднаас импортоор авч байгаа юу?

-Хүнс хөдөө аж ахуйн яамнаас манай дээр хувиарласны дагуу 60 мянган тонн тэжээл авахаар яригдаж байна. Шийдвэр гарвал бид зохион байгуулах арга хэмжээг авна.

-Өвс тэжээлээ яаж тараах вэ. Жишээлбэл, Баян-Өлгий аймагт малаар өвс сольж авъя гэсэн хүсэлт гаргасан байгаа юм билээ?

-Малчид өөрсдөө өвс тэжээлээ тодорхой хэмжээгээр базаасан байгаа. Энэ жил өвөлжилт хүндэрч болзошгүй байна, зуд болж магадгүй гэсэн мессэжийг авсан малчид өөрсдөө хувийн бэлтгэлээ базаасан байх ёстой. Аймгуудын хувьд тодорхой хэмжээнд бэлтгэлээ хангасан. Сумдуудад хөрөнгө мөнгийг нь шийдэж өвс тэжээлийг нь базаасан байгаа. Эхлээд аймаг сумаас арга хэмжээгээ авна. Тэгээд цаг хүндэрч нөөц бололцоогүй болсон бол Улсын онцгой байдалд хандаж, шат дараалсан арга хэмжээ авч ажиллана.

-Цаашид цаг агаар хүйтэрнэ, цас орно, даваа гүвээ хаагдана. Ер нь аврах ангиуд гамшгийн үед ажиллах бэлтгэлээ хэр хангасан байгаа вэ?

-Өвөлжилт хүндэрсэн нөхцөлд онцгой байдлын албаны ажиллах төлөвлөгөө гэж байгаа. Нийт 4000 гаруй албан хаагчид ажиллана. Үүн дээр нэмэгдээд орон нутгийн гамшгаас хамгаалах 253 алба мэргэжлийн анги байгууллагын нийт 22 мянган хүн ажиллахаар бэлтгэл ажлаа хангасан байна. Зам тээврийн яамны сайдын тушаалаар нийтдээ 45 байршилд 150 гаруй техник, 190 гаруй хүч бүрэлдэхүүн зам давааны нээлттэй байх байдлыг хангах, цас шуурга болсон тохиолдолд зам давааг онгойлгох ажлыг гүйцэтгэж байна.

Өмнөх туршлагаас харахад манай 14 сумын 146 даваанд 30 гаруй хөндийд өвөлжилт хүндэрдэг юм билээ. Үүнд дээрийн дурдсан бие бүрэлдэхүүн хүрч ажиллах болно. Одоо бол нөхцөл байдал хараахан хүндрээгүй байна. 12 сарын дундуур өнгөрсөн мөн үеийнхтэй харьцуулбал ахиу цас орно гэсэн мэдээ байгаа. Бид бэлэн байдлаа хангаад л байна.

-Техникийн хувьд танай байгууллага дутагдалтай юм шигээ. Яагаад онцгой байдлын албанд нисдэг тэрэг байдаггүй юм бэ?

-Техникийн асуудалд гэвэл манай онцгой байдалд нисдэг тэрэг байхгүй, дутагдалтай. Нисдэг тэрэг хэрэг болдог. Даанч байхгүй. Шаардлагатай шуурхай ажиллагаа зохион байгуулахын тулд бид Зэвсэгт хүчний жанжин штабад хүсэлтээ гаргаж, нисдэг тэргийг нь авч үйл ажиллагаандаа хэрэглэдэг. Ийм хүндрэл байна. Манай онцгой байдлын байгууллагад, ялангуяа сум орон нутагт өвөлжилт хүндэрсэн тохиолдолд, ой хээрийн түймэрт бусад гамшиг буюу ослын үед шуурхай арга хэмжээ явуулахад нисдэг тэрэгний хэрэгцээ зайлшгүй шаардлагатай байдаг. Нисдэг тэрэгний өөрийнх нь өртөг өндөр болохоор улсын төсвөөс шийдэх бололцоо хүндрэлтэй байдаг бололтой. Техникийн хувьд тулгамдаж байгаа асуудал яах аргагүй мөн юм.

-Сүүлийн үед галын дуудлага нэмэгдэх хандлагатай байна уу?

-Гамшиг ослын дуудлага жилээс жилд нэмэгдэж байгаа. Галын дуудлагын хувьд обьектын галын дуудлага 4436 удаагийн тохиолдол энэ онд бүртгэгдсэн. Манай авран хамгаалагчид галаас 423 хүнийг аварсан. Ахуйн гал түймэр өвлийн улиралд ихэвчлэн гардаг.

Тиймээс иргэд өөрсдөө сэрэмжтэй байх хэрэгтэй. Мөн өрхийн бэлтгэл бэлэн байдал, халаалтын байдалтай уялдуулаад түймэр гарахгүй байх чиглэлээр иргэдэд сурталчилгаа сургалт ажлыг нийслэлийн дүүргүүд, аймаг орон нутагт сайн зохион байгуулсан.

О.Сайхан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ