Улс төрийн 21 намын төлөөлөл жагсаал хийж байна

УИХ-ын Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахыг шаардаж улс төрийн 21 нам Тусгаар тогтнолын талбайд нэгдсэн жагсаал хийлээ.

“Луйврын хар машингүй Шударга сонгуулийн төлөө” жагсаал сонгуулийн саналыг гараар давхар тоолохыг уриалсан лоозон дор болов. Тэд автомат машинаар саналын хуудсыг тоолсон нөхцөлд гараар давхар тоолж, камераар бичин баталгаажуулах ёстой. Ингэж байж өнгөрсөн хугацаанд гарсан эргэлзээг тайлна гэсэн байр суурьтай байгаа аж. Энэхүү үзэл бодлоо илэрхийлэхдээ жагсагчид сонгуулийн санал тоолох хар хайрцагийг Тусгаар тогтнолын талбайд шатаасан юм.

2012 онд хар машинаар сонгууль явуулсан. Тэгвэл тухайн үеийн сонголтын үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй байна гэсэн эрх баригчид төрийн ордонд одоо ч сууж байгаа билээ. Гэвч өнөөдөр тэдний зарим нь шударга бус сонгууль болсон хэмээн ярьж байгаа нь сонин. Түүнчлэн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай хэмээн үзэж байгаа юм.

Үүний зэрэгцээ Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай яригдаж байгаа бөгөөд эдгээр асуудлыг оноос өмнө хэлэлцэж амжихгүй бол 2011 оны сонгуулийн хууль хүчин төгөлдөр үйлчлэх юм.

Ийнхүү Олон улсын хүний эрхийн энэ өдөр монголчууд, монголын улс төрийн зарим намууд жагсаж үзэл бодлоо илэрхийллээ. Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхээ хамгаалахын төлөө, энэ эрхээ хар машинд булаалгахгүйн төлөө улс төрийн намууд, сонгогчдын төлөөлөл жагсаж байна гэв.

Тэд өөрсдийн тавьж буй шаардлагыг УИХ болон Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад хүргүүлэхээр Төрийн ордны зүг явлаа.

Улс төрийн намууд УИХ-ын дарга З.Энхболдод Сонгуулийн хуулийн талаар хоёр хоногийн хугацаатай шаардлага хүргүүлсэн аж. Энэ шаардлагын хугацаа өнөөдөр 12.00 цагт дууссан бөгөөд шаардлагын хариуг өгөхгүй бол энэ жагсаал улс төрийн суултаар үргэлжлэх болно гэлээ.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ