Авилгын эсрэг ажлаараа ХХААЯ тэргүүллээ

Авилгатай тэмцэх газраас 12 дугаар сарын 09-ний өдөр Төрийн байгууллагуудын авилгатай тэмцэх үйл ажиллагаанд хийсэн үнэлгээний дүнгээ танилцууллаа.
Авлигатай тэмцэх газраас явуулсан нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр шалгарсан “MDS and KhanLex” ХХК, “Монголын хуульч эмэгтэйчүүдийн холбоо” ТББ, “Хөгжлийн санаачилга бодлого судлалын төв” ТББ, “SICA” ХХК-ийн төлөөлөл бүхий шинжээчдийн 4 баг улсын хэмжээнд төрийн бүх байгууллагын авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн үйл ажиллагаанд үнэлгээ хийснээ танилцуулсан юм.
Авлигатай тэмцэх газрын даргын 2015 оны А/88 дугаар тушаалаар баталсан “Төрийн байгууллагуудын авилгын эсрэг авч хэрэгжүүлсэн ажиллагааны үнэлэх аргачлал”-ын дагуу хийж буй гурав дахь удаагийн үнэлгээнд 17 байгууллага, 15 яам, Засгийн газрын 28 агентлаг, аймаг, нийслэлийн есөн дүүрэг, Төрийн болон төрийн өмчийн оролцоотой 39 байгууллага зэрэг нийт 122 байгууллага хамрагдсан байна. Энэ жил улсын дундаж үнэлгээ 67.8 хувьтай байгаа нь өнгөрсөн онтой харьцуулахад 7.8 хувиар өссөн үзүүлэлт юм байна.
Яамдын авилгын эсрэг үйл ажиллагаанд хийсэн үнэлгээгээр Хүнс, Хөдөө аж ахуйн яам хамгийн өндөр буюу 80 оноо авч тэргүүлсэн байна. ХХААЯ сүүлийн хоёр жилийн турш энэхүү жагсаалтыг тэргүүлж байгаа бөгөөд АТГ-ын зүгээс яамны Эрх бүхий албан тушаалтны ажлыг 99 хувь гэж үнэлснийг бодит байдалд нийцсэн болохыг тэмдэглэжээ.
Төрийн байгууллагуудын авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг үнэлснээр төрийн байгууллагын авлигын эсрэг хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлэх, хэрэгжилтийг хангуулах, албан хаагчдын шударга байдлыг нэмэгдүүлэх, авлигатай тэмцэх хүсэл эрмэлзэл, санал санаачилга, хүчин чармайлтыг дэмжих, үлгэр жишээ, тэргүүн туршлагыг илрүүлж түгээн дэлгэрүүлэх, байгууллага хоорондын өрсөлдөөнийг бий болгох, төрийн байгууллагын үйл ажиллагааны, хүний нөөцийн, төсөв санхүү, худалдан авах ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангах, иргэд байгууллагын зүгээс уг үйл ажиллагаанд хяналт тавих боломжийг олгох, энэхүү үйл ажиллагаанд иргэний нийгмийн байгууллагыг татан оролцуулах зэрэг олон талын ач холбогдолтой юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ