Эмнэлгийн даргыг АТГ-д шалгуулахаар болжээ

Эмч, ажилчдын цалинг завшсан эмнэлгийн даргыг АТГ-аар шалгуулахаар болсон талаар Эрүүл мэндийн ажилчдын ҮЭХ-ноос өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тодруулбал, Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо /МЭМАҮЭХ/ гишүүн байгууллагуудынхаа үйлдвэрчний хороодын сүүлийн дөрвөн жилийн санхүүгийн баримтад шалгалт хийсэн байна. Тус шалгалтаар СХД-ийн Эрүүл мэндийн төвийн дарга Ш.Хажидмаа ҮЭХ-ны дансыг ашиглан төсвийн байгууллагын дансаар орох ёстой их хэмжээний мөнгө буюу 71.5 сая төгрөгийг хувьдаа завшиж байсныг илрүүлжээ.
Ш.Хажидмаа нь өөрийн удирдлага дор ажиллаж буй хүмүүсээрээ дамжуулан 2012 онд 1.9 сая төгрөг, 2013 онд 2.4 сая төгрөг, 2014 онд 17.4 сая төгрөг, энэ онд 36.9 сая буюу нийт 71.5 сая төгрөгийг үйлдвэрчний эвлэлийн хорооныхоо данс руу оруулж байсан гэдгийг МЭМАҮЭХ-ны дарга Б.Мягмар мэдэгдсэн юм. Тиймээс Авлигатай тэмцэх газар болон салбарын яамдад энэ асуудлыг шалгуулахаар МЭМАҮЭХ-ноос албан шаардлага хүргүүлжээ.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ