Авто машин ачих, түр саатуулах журмын талаар хэлэлцлээ

Нийслэлийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгслийг зориулалтын машинаар зөөж шилжүүлэх, түр саатуулах журмын талаар НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар өчигдөр хэлэлцсэн байна.

Энэхүү журамд цагдаагийн байцаагчийн шийдвэргүйгээр автомашин ачихгүй гэсэн чухал заалт оруулжээ. Мөн зарим заалтыг дурьдвал, хөдөлгөөний нэвтрүүлэх чадвар сайн байх ёстой 77 гудамжинд машин түр зогсохыг хориглосон тэмдэг тэмдэглэгээг байршуулсан бөгөөд зөрчсөн тохиолдолд цагдаагийн байцаагч нэгдүгээр эгнээнд болон замын хөдөлгөөнд саад учруулж байгаа машиныг ачих шийдвэр гарган машин ачдаг компаниар ачуулах ажээ. Ингэхдээ автомашины аюулгүй байдлыг тухайн компани бүрэн хариуцах юм байна. Гэхдээ ачихаас өмнө машины жолооч ирвэл зөвхөн тэмдэг тэмдэглэгээ зөрчлийн торгууль ногдуулна. Харин ачуулсан тохиолдолд бусад төрлийн торгууль, төлбөрийг жолооч төлөх юм. Одоогоор торгууль болон төлбөрийн хэмжээг эцэслэн тогтоогоогүй байна. Уг журам ажлын болон амралтын өдөр 07-22 цаг хүртэл үйлчлэх гэнэ. Ачиж зөөвөрлөх аж ахуйн нэгжийн зөвшөөрлийг нийслэлийн Засаг дарга олгох зэрэг асуудлуудыг тусгасан журмыг хэлэлцлээ.

Өчигдрийн хуралдаанаас гарсан санал шийдвэрийг ажлын хэсэг дахин боловсруулан санал авч энэ сарын 24-нд НИТХ-аар хэлэлцүүлэхээр боллоо.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ