Дэлхийн шилдэг илтгэл

Мартин Лутер Кинг.1963-08-28
Надад мөрөөдөл байна
Хэдийгээр бид хэцүү зүйлтэй өнөөдөр, маргааш нүүр тулах ч найз нар минь надад мөрөөдөл байна гэдгийг өнөөдөр би та нарт хэлье. Энэ бол Америкчуудын мөрөөдлийн гүнд оршиж буй мөрөөдөл.
Нэг л өдөр энэ үндэстэн дэвшин дээшилж, бүх хүн адил тэгш болохыг хүлээн зөвшөөрнө гэж би мөрөөддөг.
Нэг л өдөр шударга бус байдал, түрэмгийлэл ноёлсон Миссиссиппи муж эрх чөлөө, шударга ёсны баян бүрд болно гэж би мөрөөддөг.
Нэг л өдөр миний дөрвөн бяцхан үр ямар өнгийн арьстайгаараа бус ямар зан ааш үзүүлсэнээрээ шүүлгүүлэх тийм газар амьдарна гэж би мөрөөддөг.
Өнөөдөр надад мөрөөдөл байна.
Нэг л өдөр Алабамагийн ард иргэд, захирагчид ялгаварлан гадуурхалын үгсийг хэлэхээ больж тэнд хар арьстай охид хөвгүүд цагаан арьстай охид хөвгүүдтэй ахан дүүс мэт гар гараасаа барилцана гэж би мөрөөддөг.
Өнөөдөр надад мөрөөдөл байна.
Нэг л өдөр бүх хөндий, уул, дов толгод эн тэнцүү болж Эзэний алдар цуу мандахыг хүн бүр хамт үзнэ гэж би мөрөөддөг.
Энэ бол бидний найдвар. Нөгөө ертөнц рүү аваад явах миний итгэл.
Ийм бат бэх итгэл найдвартайгаар бид цөхрөлийг даван туулна.
Ийм итгэл найдвартайгаар бид үндэстнийхээ зөрчилийг үгүй болгож эв санааны нэгдэлийг бүтээж чадна.
Ийм итгэл найдвартайгаар бид нэг л өдөр эрх чөлөөтэй болохын төлөө хамтдаа ажиллаж, залбирч, тэмцэж, шүүлгүүлж, эрх чөлөөнийхөө төлөө босч чадах болно.
Бурханы бүх хүүхэд “Эрх чөлөөг дээдлэгч эх орон минь” хэмээн дуулах өдөр ирнэ. Эцгийн минь ясаа тавьсан газар, аянчин хүний бахархал болсон энэхүү газрын хэсэг бүрт эрх чөлөөний хонхыг дуугарга.
Мөн Америк хүчирхэг үндэстэн болно гэдэг үнэн байх ёстой. Тэгэхээр эрх чөлөөг Нью Хэмпширийн нутгаар цуурайтуул. Эрх чөлөөг Нью Ёоркын уулсаар цуурайтуул. Эрх чөлөөг Пэннсилваниагийн Аллегений ууланд цуурайтуул!
Эрх чөлөөг Колорадогийн цаст Рокки ууланд цуурайтуул! Эрх чөлөөг Калифорниагийн талаар цуурайтуул!
Үүгээр зогсохгүй эрх чөлөөг Жоржиагийн Стонь уулаар цуурайтуул! Эрх чөлөөг Тэннэссийгийн Лүүкаут уулаар цуурайтуул. Эрх чөлөөг Миссиссиппигийн бүх дов толгодоор цуурайтуул. Эрх чөлөөг хаа сайгүй цуурайтуул.
Хэрэв бид эрх чөлөөг бүх тосгон, суурин, муж, хотод цуурайтуулсанаар нэг л өдөр цагаан, хар, еврей, язгууртан, католик, протестант аль нь болох хамаагүй, бурханы бүх хүүхэд гар гараасаа бариад“Эрх чөлөөтэй боллоо! Эрх чөлөөтэй боллоо! Баярлалаа бурхан минь, Бид эцэст нь эрх чөлөөтэй боллоо!” хэмээн дуулах болно.
Б.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ